УИХ дахь Монгол Ардын намын бүлгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягыг огцруулах санал оруулж ирсэн. Энэ асуудалд УИХ дахь АН-ын гишүүдийн байр суурь байгааг тодрууллаа.
.
Ч.Сайханбилэг: Ерөнхий сайдыг огцруулах зургаан үндэслэлийн тавин хувь нь засаг өөрийгөө эмхлэн байгуулахтай холбоотой асуудал тавьсан байна. Манай гишүүд нэг болохоор засаг юм хийхийг нь харна, хүлээнэ гэдэг, тэгсэн хэрнээ яг хаврын бүтээн байгуулалт эхлэх үеэр огцруулах асуудал тавьж байна.
Огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд хий хоосон маргасан, хуулийн үг, үсэг хөөцөлдсөн юм ярьцгаагаад байна. Яагаад ТЭЦ 3, ТЭЦ 4-ийн өргөтгөл, ТЭЦ 5-ын бүтээн байгуулалт, Амгалангийн ДЦС, 260 км төмөр зам, 6 аймаг руу тавих гэж байгаа 1800 км засмал зам, орон сууцны зээл гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг ярихгүй байгаа юм бэ? Үнэхээр чөдөр биш ташуур болох гээд байгаа бол эдгээр асуудлуудад санаа тавь л даа.
Бид өмнө нь сөрөг хүчин байхдаа Ерөнхий сайдыг томилохоос нь эхлээд дэмждэг, хугацаа өгдөг, ажлыг нь хардаг, энэ бүхний дараа хариуцлага тооцох тухай асуудал тавьж байсан. Гэтэл энэ Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахаасаа эхлээд эсэргүүцэлтэй тулгарсан. МАН-ын 25 нөхөд бүгд эсэргүүцэж кноп дарсан. Бүлгээрээ талцаж, асуудалд хандаж байна.
Хэрвээ энэ засаг нэг жил ажиллачихсан бол, хавар, зуны бүтээн байгуулалтын ажлыг нь дүгнээд, намар энэ асуудлыг тавьж байгаа бол би олон юм ярихгүй. Тэр боломжийг өгөлгүйгээр өнөөдөр огцруулах тухай ярьж болохгүй шүү дээ. Хоосон улс төрөөсөө ангижирч, хүмүүсийн амьдралд хэрэг болох зүйл, бүтээн байгуулах ажил уруу орох цаг болсон гэдгийг манай их хурлын гишүүд нам, эвсэл, бүлэг гэлгүйгээр бүгд дор бүртээ бодоосой гэж хүсч байна.
.
Ж.Батзандан: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг сөрөг хүчнээс тавьж байна. Асуудал ардчилсан намд ч бий, ардын намд ч бий. Монголын улс төр манантаад удаж байгаа гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа.
Гэхдээ өнөөдөр Н.Алтанхуяг даргыг огцруулчихаар, нэг хүнийг нөгөөгөөр сольчихоор маргааш монгол улс сайхан болчихно гэдэгт би итгэхгүй байна. Найман сартай хүүхдийг татаж унагах асуудал байж болохгүй ээ, дор хаяж, жил, зургаан сарын дараа Засгийн газрыг огцруулах эсэх талаар ярьдаг байвал төрд ч, ард түмэнд ч өлзийтэй гэж би үзэж байна. Хамгийн гол нь Монголын улс төрийн тогтолцоог боловсронгуй болгож байж, эдийн засгийн реформ хийж байж, монгол улс хөгжих учиртай.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ