Я.Содбаатар: Шатахууны үнэ өсвөл ямар хариуцлага хүлээх вэ

Уг асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Шатахууны үнийг буулгадаг хүн нь би биш. Мэдээж дэлхийн зах зээлийн үнийг дагана. Гэхдээ бид сүүлийн хэдэн жил дэлхийн зах зээлийн үнээс өндөр үнэтэй шатахуун хэрэглэв ээ. Засгийн газар иргэдийн халааснаас гарч буй илүү зардлыг хэмнэхийг хичээж байна. Бодлого явуулаад шатахууны үнийг бодитой бууруулж чадна. Намар нүүрсний үнийг бууруулах үед хийж чадах уу гэж хэлж байсан. Гэхдээ сэтгэл байвал хийж болдог юм" гэсэн хариултыг өгсөн.
.
Түүнчлэн Чингис бондын мөнгөөр хийж ажлын төлөвлөгөө гарсан уу. Чухам ямар ажлууд хийгдэх вэ гэсэн гишүүдийн асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд бэлэн болсон, ажил эхэлж байгаа. 2013 онд зургаан аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбох ажлыг хийж гүйцэтгэнэ. Дорнод, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй холбох 1400 км зам тавина. Энэ ажилд 570 тэрбум төгрөг зарцуулна" гэж тайлбарлалаа.
.
Түүнчлэн Тавантолгойгоос урагш, зүүн тийшээ 1800 км төмөр зам барих ажлын эхний санхүүжилтэд 200 сая ам.доллар зарцуулах юм байна. Мөн Тавантолгойд эрчим хүчний эх үүсвэрийг барих гэх зэрэг төслийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Улаанбаатар хотод “Гудамж” төслийг хэрэгжүүлэх ажил эхлэлийн шатандаа явж байгаа гэсэн тайлбарыг өглөө.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ