Д.Анужин: Ерөнхий сайдын гэргий надад баяр хүргэсэн

img

Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 25, 26-ны өдөр тоглосон “Шелкунчик” бүжгэн жүжгийн бяцхан Машагийн дүрийг бүтээсэн Д.Анужинтай ярилцлаа. Тэрбээр одоо есөн настай. Япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Наран” дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч юм. Бид түүнтэй сургууль дээр нь уулзсан. Түүний ээж Ш.Уранчимэг “Сонгодог урлаг хүүхдийг тэсвэр хатуужилтай, зөв хүмүүжилтэй болгодог. Манай охин бусад хүүхдүүд шиг өглөө унтах гэж уйлагнахгүй, цагийн юмыг цагт нь хийдэг. Балетын багш нар нь ийм болгож хүмүүжүүлсэн” хэмээн охиныхоо тухай хуучилсан юм.- Дэлхийн сонгодог бүжгэн жүжигт тоглосонд чинь баяр хүргэе. Гол дүрд тоглоод тайзан дээр гарахад ямар байсан бэ?

- Баярлалаа. Маш их баяртай байгаа. Би “Шелкунчик” бүжгэн жүжгийн Машагийн бага насны дүрд тоглох гэж хоёр жил хичээллэсэн. Энэ жил анх удаагаа тоглосон.  Өмнө нь Машад тоглоход нас бага байсан болохоор гурван жил дараалан “Шелкунчик” бүжгэн жүжгийн туслах дүрд тоглосон.  Тэр үед би удахгүй Машад тоглоно доо гэж боддог байсан.  Бас өмнө нь ДБЭТ-ын найруулагчдын тавьсан бусад бүжгэн жүжгүүдийн туслах  дүрд тоглодог байсан юм. Бас өнгөрсөн жил Ч.Ганчимэг багшийнхаа тайлан тоглолтод оролцсон.

- "Шелкунчик"-т тоглосны дараа олон хүн баяр хүргэсэн үү? - Зөндөө олон хүн баяр хүргэсэн. Ерөнхий сайдын эхнэр надад тайзны ард баяр хүргэж цэцэг өгсөн. ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн эгч “Сайн байна” гэж магтсан. Тоглолтон дээр олон алдартай хүмүүс ирсэн гэсэн. Гэхдээ би тэр үед сандраад үзэгчид рүү харах завгүй байсан юм. Х.Гэрэлчимэг багш битгий сандар гээд тайвшруулсан. Гэхдээ тоглолтын үеэр алдаа гаргаагүй.

- Анх хэдэн настайдаа балетаар хичээллэж эхэлсэн юм бэ? - Би одоо дөрөв дэх жилдээ балетаар хичээллэж байна. Анх “Royal” балетын сургуульд сурч байсан.

- Тэгвэл хэзээнээс Дуурь, бүжгийн эрдмийн театрын бяцхан бүжигчин болчихов? - Дуурийн театрын Х.Гэрэлчимэг багш өөрийн гэсэн сайн шавьтай болмоор байна гээд хүүхдүүдийг шалгасан. Тэгээд шалгалтад 10 хүүхэд тэнцсэн. Дуурь дээр хичээллэсэн анхны жилдээ амралтын өдрүүдэд каскин дээр явах бэлтгэл хийдэг байсан. Дараа жилээс нь өлмийн дээрээ явдаг болсон. Одоо дуурийн театрын бүжгийн ангид таван хүүхэд хичээллэж байгаа. Бусад нь гадаад руу сургуульд явчихсан.

- Чи гадаад явж сурна гэж боддог уу? - Үгүй ээ. Манай ээж  Дуурийн театрын сайн багш нараар хичээл заалгаж байгаа болохоор гадаад явах шаардлагагүй гэдэг юм. Би ч гэсэн тэгж боддог. Дуурийн театрыг хамгийн сайн сургууль гэж боддог. Анх шалгалт өгөх гэж байхдаа юунд орж байгаагаа ч сайн мэдээгүй. Нэг их том заал л харагдсан. Балетын тухай ч гэсэн сайн мэддэггүй байсан. Одоо балетыг хамгийн гоё урлагийн төрөл гэж боддог. Бас хүмүүс нь их найрсаг, тэсвэр, хатуужилтай. Анх ингэж нарийн судалдгийг нь мэдэхгүй “Шалгуулаад тэнцчихсэн юм чинь одоо шууд л өлмийн дээрээ яваад бүжиглээд эхэлдэг юм байна” гэж бодож байсан.

- Балетаар хичээллэхэд юу нь хэцүү байдаг вэ? - Гайгүй. Багшийнхаа үгэнд сайн ороод, заасан зүйлийг нь сайн сурах хэрэгтэй. Гэхдээ тэвчээр, хатуужилтай байх хэрэгтэй. Хааяа л багшдаа загнуулдаг. Багш нар маань булчингаа сайн чангаруулах хэрэгтэй гэдэг юм.

- Том болоод балетын бүжигчин болохоор шийдчихсэн үү? - Балетчин болно. Би Ч.Ганчимэг багш шигээ сайн балетчин болохыг хүсдэг. Гэхдээ балетыг тайзан дээр бол 30 нас хүртлээ л бүжиглэдэг. Тийм болохоор дараа нь багш болно.

- Театрт чинь тоглож байгаа аль бүжгэн жүжигт хамгийн дуртай вэ. “Хунт нуур”, “Жизель”, “Уран хас” гээд олон бүжгэн жүжиг тоглодог шүү дээ? - Хүүхдүүд тоглодог болохоор “Шелкунчик” хамгийн их таалагддаг.

- Тэгвэл том болоод аль бүжгэн жүжигт тоглохыг хүсч байна? - Хунт нуур бүжгэн жүжгийн хар хунгийн дүрд тоглохыг хүсдэг. Яагаад гэвэл хар хун хамгийн гоё бүжгүүдийг хийдэг. Бас хөлөн дээрээ 32 эргэдэг.

- Тийм үү. Чи хэд эргэдэг юм бэ? - Би одоо хоёр эргэж л чадна. Гэхдээ заримдаа. Манай Ч.Ганчимэг багш 32 эргэж чаддаг. Эргэлт хийхийн тулд дасгал хийх хэрэгтэй байдаг юм. Одоо дасгалаа хийж байгаа. Хамт хичээллэдэг хүүхдүүд маань бас 1-2 л эргэж чадна.

- Долоо хоногийн хэдэн өдөрт нь бэлтгэлдээ явдаг юм бэ? - Дуурийн театр дээр таван өдөр бэлтгэлд явдаг. Балетын бэлтгэлдээ Даваагаас Баасан гарагийг дуустал гурван өдөр явдаг. Хичээлээс тараад шууд бэлтгэлдээ очдог. Өдөрт нэг цаг 30 минут дасгал хийдэг юм. Тэгээд амралтын өдөр төгөлдөр хуурын хичээлдээ суудаг. Балетын бүжигчин уян хатан, сунгалт сайтай байх ёстой. Бас хөгжмийн сонсгол сайн байх ёстой. Тэгээд төгөлдөр хуураар хичээллэж эхэлсэн. Төгөлдөр хуур, балет хоёрт хоёуланд нь дуртай.

- Олон өдөр бэлтгэл хийгээд завгүй байдаг юм байна. Бусад хичээлээ хийж, тоглож  амжиж байна уу? - Би хичээлээ сайн хийж, онц сурдаг. Гэртээ хариад 30 орчим минут амраад гэрийн даалгавраа хийдэг. Тооны хичээлд хамгийн дуртай. Харин чөлөөт цагаараа гадуур явж үзвэр үзэх дуртай.

- Ийм авьяастай охин олон шагнал авсан уу? - "Оюуны ундраа" цогцолборт сурдаг байхад шагнаж байсан. Төгөлдөр хуурын тэмцээнд ороод мөнгөн медаль авсан.

- Төгөлдөр хуураар ямар аяыг хамгийн сайн тоглодог вэ? - Хамгийн сайн тоглож чаддаг ая маань “Танго”. Энэ аяыг хамгийн эхэнд сурч байсан юм.

- Удахгүй шинэ жил болох гэж байна. Шинэ жил гэхээр юу хамгийн түрүүнд төсөөлөгддөг вэ? - Миний хамгийн дуртай баяр бол шинэ жил. Яагаад гэвэл шинэ жилээр хүүхдүүд хамгийн их баярладаг. Баяраар хамгийн түрүүнд өндөр, ногоон сүлд мод төсөөлөгддөг. Шинэ жилийн орой он гарах үед манай гэрийнхэн тагтан дээрээ гардаг. Манай байрныхан салют буудуулдаг юм.

- Шинэ жилийн бэлэг их авч байна уу? - Олон бэлэг авсан. “Шелкунчик”-т тоглосны дараа театраас бэлэг өгсөн. Бас ээж маань Машагийн дүрд тоглож байгаа гээд балетын цүнх бэлэглэсэн. Тоглолтын дараа том бамбарууш өгсөн. Сургуулийнхаа шинэ жилийн тоглолтод бүжиглээд бэлэг авсан.

- Чиний мөрөөдөл юу вэ? - Том болоод алдартай балетчин болохыг хүсдэг. Тэгээд гэр бүлийнхнийгээ гадаад орнуудаар аялуулна. Багш нарынхаа заасан зүйлийг сайн сураад, өөрөө сайн хичээвэл бүх зүйлд амжилт гаргана гэж боддог. Балетын Х.Гэрэлчимэг, Ч.Ганчимэг багш нартаа баярлалаа гэж хэлье.

ИНДЕКС 114876 ЗАХИАЛГА АВАХ УТАС: Монгол шуудан: 70078977, 70078914 Улаанбаатар шуудан: 70127027, 55252005 Түгээмэл Шуурхай: 91927584, 70115105 Sky post: 70121294 PR зар сурталчилгааны утас: 98704141

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsaska:
bi bas balet bujigleh gej orolddog hamgiin gol n tewcheertei baih ywdal chi ih mundag ohin ym bi 12 nastai chamd amjilt husie
2012-05-04