Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна

Чуулганы хуралдаан үдээс хойш 14.20 цагийн үед эхлэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Тлейхан “Хууль биелүүлж ажиллах нь ерөнхий сайдын үүрэг. Дорнод, Хөвсгөл аймгийн засаг дарга нар, ТЕГ-ын дэд даргыг томилсон таны захирамжийг хууль зөрчсөн гэж үзсэн. Гэтэл та хууль зөрчөөгүй гээд байх юм. Тэгвэл Үндсэн Хуулийн Цэцийн хурлыг хийлгэж дүгнэлт гаргуулахгүй яасан юм бэ.
.
Түүнчлэн махны үнэ 10800-12000 төгрөгт хүрч, хамгийн үнэтэй гурил баруун аймгуудад байна. Ийм байхад бүх юм болж байгаа мэтээр ярих нь хэр зохимжтой вэ. Цаашид иргэдийн амьдрал ахуйг сайжруулахад ямар арга хэмжээ авах юм бэ. Ажилгүйдэл багасч 35200 хүн ажилгүй байна гэсэн тооцоо гаргажээ. Улсын хэмжээнд ажилгүй иргэдийн тоо ийм байгаа гэдэгт хэн үнэмших юм бэ. Асуудалд бодитой хандах хэрэгтэй” гэлээ.
.
Түүний хариуд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хууль зөрчсөн зөрчөөгүй талаар зөндөө ярьсан. Хууль зөрчөөгүй. Хамгийн үнэтэй гурил баруун аймгуудад байсан байсаар ч байгаа. Үүн дээр олигтой өөрчлөлт гаргаж чадаагүй хугацаа ч байхгүй. Та нар надаас цурхайн зарлиг шиг зүйл нэхээд байх юм. Гэхдээ шүүмжлэлийг хүлээж авч байна. Улаанбаатараас гурил зөөдөг асуудал байдгаараа байна. Харин тэндээ гурил үйлдвэрлэвэл байдал өөр болно. Яахаараа та нарын үед шийдэгдэлгүй 20,30 жил болсон асуудал бид нарын үед болохоор найм есөн сарын хугацаанд биелэх ёстой юм. Энэ жил 7000 гаруй хүнийг яг ажлын байртай нь уяж бэлдэж байна. Энд тараасан цаасыг Засгийн газар тараагаагүй. Статистикийн газар өөрийн аргачлалын үндсэн дээр тоогоо гаргаж байгаа.
.
Бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоо жил жилд буурсан үзүүлэлттэй байна. Бид үргэлж тоогоор хөөцөлдөөд байх биш тодорхой тооны хүмүүсийг ажилтай болгохын төлөө байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого бол шоу хийх биш нэг ч болсон иргэн ажилтай, орлоготой болоосой гэсэн бодлого барьж байна. Бүтээн байгуулалт эхэлсэн зүйлгүй байна, өнөөдөр овойж оцойсон зүйл алга гэдэг үнэн. Энэ өвөл амар өвөл болоогүй ч урьдчилж бэлтгэлтэй байснаар гайгүй өнгөрсөн. Сая бондын мөнгөтэй болсон. Одоо ингээд газар гэсч байна, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ" гэсэн тайлбарыг өгөв.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ