Олон эмэнд дасалтай сүрьеэ өвчний тохиолдол эрс нэмэгдлээ

img

Монголын эрүүл мэндийн салбарыг хорт тахал нэрвэж, толгойноосоо эхлэн өтжээ. Тод жишээ нь ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэлийн тендерийн мөнгийг тэрбумаар нь завшдаг өвчин. Үүнийг өөгшүүлэгч нь угаасаа эрх баригч МАН байсан. Тэр МАН-ыг МАХН байхад их жасын даамал хийж, мөнгийг бөөнөөр нь цохиж амташсан нэгэн. Тэгээд энэ намыг 2000 онд тасархай ялалт байгуулахад Сангийн яамны төрийн нарийн даргаар томилогджээ. Энд тендерийн бүх шалгаруулалт явагдаж, Төрийн сангаас мөнгөө шилжүүлж авахын тулд 10 хувийг нь саалгадаг жишиг тогтсон юм. Яахав нам нь засгийн эрх барьж байсан учраас хэн илүү үг хэлэхэв. Болдог юм байна гэсэн бодол толгойд нь ясанд шаасан хадаас лугаа зоогдов. Ингээд Улаан-Үдэд консулаар удаагүйг эс тооцвол ЭМЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар буцаж ирсэн байна. Жинхэнэ шахааны бизнес хийдэг газар гэдгийг одоо л АН-ын өнгөнд зах зухаас нь уудалж байгаа болохоос биш ард түмэн мэддэггүй.

 .

Мань эр 2008 онд Хятадын эмнэлгүүдэд хэдийнэ хэрэглээд хуучирсан Японы 195 сая төгрөгийн үнэтэй рентген аппаратыг дүүргийн эмнэлгүүдэд 983 сая хол давуулан шахаж орхижээ. 40 мянган ам.долларын ЭХО-г 221 сая төгрөг, зургаан мянган ногооны амьсгалын аппарат 40 сая төгрөгт хүрэв. Мөнөөх монголчуудын үйлчилгээний хөлсийг нь сонсоод хулхи нь буудаг MRI 150 мянган ам.доллараас 1,5 тэрбум төгрөгт хүрэх нь тэр. Ардаа амбаартай түргэний тэрэг 400 сая хүрэхэд заримынх нь нүд орой дээрээ гарчээ. Гэвч амаа хамхисан нь аминд өлзийтэй гэдгийг эрүүл ухаантай эмч мэргэжилтнүүд сайн ойлгоно. Н.Түмэндэмбэрэл дарга эмнэлгийн тоног төхөөрөмжийн үнийг зүгээр л хэд нугалаад шахчихдаггүй. Эдгээрийг импортлох эрх бүхий “Лабтех” гэдэг компани байгуулж, захирлаар нь Б.Болор хэмээх эмэгтэйг тавьжээ. Олон ч тендерт шалгарч. Өдгөө Н.Түмэндэмбэрэлийг цагдаагийнхан ЭМЯ-ны Тендерийн үнэлгээний комиссын даргаар ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн төсвөөс нэг тэрбум гаруй төгрөг завшсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар буруутгаж цагдан хорьсон байна. Зүгээр ч үгүй түүний хөлд одоогоор дөрвөн хүн чирэгджээ.

 .

Үүн лугаа эрүүл мэндийн салбарын дунд шатны удирдлагын дунд ч эх захгүй явдал их байна. Түүнийг нь мөн л МАН-ынхан хаацайлсаар иржээ. Хотын мээр асан Г.Мөнхбаяр 2010 оны гуравдугаар сард Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Туул гэдэг эмэгтэйг НЭМГ-ын даргаар дэвшүүлэн томилсон байдаг. Тэгэхдээ төрийн мэргэжсэн, жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх нь байтугай төрийн албаны шалгалт ч өгөөгүй мөртлөө төрийн захиргааны албанд ийнхүү суга дэвшжээ. Тэр өнгөрсөн УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн долдугаар хэсгийн хорооны даргаар ажиллахдаа саналын хуудасны талаар ажиглагчдад тайлагналгүй маапаан тарьж байсан МАН-д гавьяатай нэгэн аж. Хотын мээр асан Г.Мөнхбаярын сонгуулийн ажилд нийслэлийн харъяа эмнэлэг бүрээс хагас сая төгрөгийн хандив цуглуулж байгаад өгөхийн даваан дээр  АН-ын штабынханд хүртэл баригдаж байжээ.

 .

С.Туул НЭМГ-ын даргын албыг аваад түрүүчийн даргын хүмүүстэй хамт ажиллахгүй хэмээн байнга гадуурхсаар ганцхан сарын дараа буюу 2010 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон жолоочоос хэлтсийн дарга хүртэл 32 хүнийг нэг дор халж орхисон ба хэсэг хугацааны дараа хэн нэгний зөвлөснөөр уг тушаалаа устгасан аж. Дараа нь бүтцийн өөрчлөлт нэрийн дор багаа бүрдүүлж эхэлсэн ба хуучин ажиллагсдынхаа дийлэнхийг халсан байна. Тэгэхдээ Баянгол дүүрэгт өөрийнхөө орлогч байсан Ө.Батжаргалыг НЭМГ-т эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний асуудал эрхэлсэн мэргэжилтнээр авснаа (тушаал 1/201), маргааш нь ЭМЯ-тай харилцан тохиролцсоны дагуу Төрийн захиргаа удирдлагын газарт дөрвөн сарын хугацаатай сэлгэн ажиллуулсугай (тушаал 1/202) гэсэн байдаг. Харин залуу мэргэжилтэн ЭМЯ-д ажилд ороогүй ба  энэ хугацаанд даргынхаа буянаар арлын Японд малгайн үс сэргээгээд иржээ.

 .

Ер нь тэр их азтай эр. С.Туул дарга түүнийг өнгөрсөн гуравдугаар сард Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн  дарга Э.Бодьцэцэгийн оронд шууд тавьсан. Хуучин даргын өнгөнд тус нэгдэл ажлаараа дандаа сүүл мушгиж явсан гэх үзүүлэлттэй байсан бол Ө.Батжаргал нь ажил авангуутаа  эмч нарын баярыг сүр дуулиантай тэмдэглэх үеэр  НЭМГ-ын дарга өөрийн  биеэр хүрэлцэн ирж нэлэнхүйд нь шагнан найрлажээ.Тус ЭМН-ийн жилийн төсөв 1,2 тэрбум байсан бол одоо дөрвөн тэрбум шахам төгрөгт хүрэв. НЭМГ-ын даргын нэг сайхан чанар нь шагналд гар татдаггүй. Наад захын жишээ гэхэд 2012 оны А/12 тоот тушаалаар шилдэг удирдах ажилтан, шилдэг төрийн албан хаагч, шилдэг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, шилдэг амбулатори, поликлиникийн эрхлэгч зэрэг олон янзын шилдгүүдийг зургаан сая 920 мянган төгрөгөөр шагнажээ.

.

2012 оны жилийн эцсийн төсвийн гүйцэтгэлийн тайланд нэг удаагийн буцалтгүй тусламжид 900 мянган төгрөг өгсөн гэж бичсэн байна лээ. 54 ажиллагсадтай гэж цаасан дээр бичсэн ч 48 хүнтэй НЭМГ  “Хангарьд” ордны есдүгээр давхрын дөрөвхөн өрөөнд байрладаг. Түрээсийн дөрөвхөн өрөөндөө 2013 онд “эд хогшил худалдан авах зардалд 806 сая төгрөг” төсөвлөсөн  байгаа нь  мөнөөх мөнгө угаах аргуудын нэг нь байж болзошгүй. Харин байрны түрээсэнд жилдээ 16 сая гаруй төгрөг төлдгийг бодоход хатуухан хойд эцгийн гар хардаг байж магадгүй. Учир нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, улсын баатар Э.Бат-Үүл бол ясны АН-ынх, харин С.Туул дарга  МАН-д идэвхтэй хүчин зүтгэж явсныг нь өмнө цухас дурдсан билээ. За энэ ч яахав.

 .

Харин С.Туул нэгэн цагт удирдлаган дор нь ажиллаж явсан Монгол Улсын гавьяат эмч Ж.Эрхэмбаяр гуайн суудлыг нь булаан авснаар зогсохгүй,  охиныг нь  гадуурхсаар байгаад ажлаас нь халж орхисон, НЭМГ-ын дарга Ц.Ганхүүгийн суудлыг хэлсээр байгаад эзэлснийг бодвол мөс чанарын хувьд үзэл бодлын зөрүүгээс илүүтэй. Гэхдээ энэ нь монголчуудын бичигдээгүй хуулийн хүрээний асуудал. Харин “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуульд төрийн байгууллагын байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглосон. Гэтэл Баянгол дүүргийн ЭМН-ийн байранд “Асгат” хувийн эмийн сан арваад жилийн нүүр үзэж байна.

 .

Нийслэлийн эрүүл мэндийн салбар бол ЭМЯ-ны хэрэгжүүлж байгаа 15 хүртэл сая ам.долларын 30 гаруй төсөл хөтөлбөрөөс ихэнхийг нь шүүрдэг. Зөвхөн өнгөрсөн онд НЭМГ-аар дамжин хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт гэхэд 129 сая төгрөгт хүрчээ. Гэхдээ тэдгээрийн дотоод урсгал зардалд 150 саяыг нь зарцуулсан байх юм. Үүнээс гадна хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендерийг 4,2 тэрбумаар санхүүжүүлжээ. Ноён Н.Түмэндэмбэрэлийн нийлүүлдэг мөнөөх “Лабтех”-ийн бас бус ховор бараа бүтээгдэхүүн ч тэр дотор цохиж яваа. Бүгд л хувь хувиа хүртэнэ. Харин Баянгол дүүргийн өрхийн эмнэлгүүдийн дуудлагын түргэн тусламжийн автомашинуудын үнэ 60 саяд тогтсон нь бас ч гайгүй. Нийслэлийн 103-д төсвөөс хуваарилсан шатахууны зардал  энэ онд 1,2 тэрбум болжээ. Тус байгууллагын даргын гар дээр 100 сая төгрөгийн бензиний талон хөглөрч, шаардлагатай томчуудын унааг угжиж байдаг гэсэн нь ортой ч юм шиг. Зарим томоохон эмнэлгийн даргын суудал 250 саяар үнэлэгддэг гэж сонин дээр бичсэн нь сонирхол татаж билээ. Эндээс эхлээд л буруу гарын тендерийн их мөнгөний үнэр гараад байгаа юм.

 .

Бас НЭМГ-ынханд  дотоод албан томилолт гэж нэг сонирхолтой юм байна, 2,1 сая төгрөг. Хаанаа үрдэг байнаа гэж хөдөөнийхөн гайхна. Үндсэн цалингийн сан 359 саяас гадна цалин болон нэмэгдэл урамшил 395 сая, унаа хоолны хөнгөлөлт 278 сая, ээлжийн амралтаар нутаг явах 546 сая гээд С.Туул дарга ер нь л бийлэгжүүхэн загнана даа. 2010 онд НЭМГ-ын жилийн төсөв дөнгөж 324  сая төгрөг байснаа 2013 онд 40 гаруй ажилтантай аппаратын төсөв 6,7 тэрбум болтлоо өсчээ. Мөн нийслэлийн  эрүүл мэндийн  салбарынх нь төсөв,  хөтөлбөрийн санхүүжилт 76 тэрбум  хол давна гээд бодчих. Нийслэлийн эмнэлгүүд 2010 оноос хойш хөл дээрээ зогсвол зогсохоор хөрөнгө мөнгө. Төр засгаас  эдний салбарт ийм их санхүүжилт өгсөөр байхад үр дүн хомс,  иргэд дүүргийн эмнэлгийн  хонгилоор  хөглөрч, эхчүүд шалан дээр төрөх дээрээ тулж, эх нялхсын эндэгдэл нэмэгдэж, сүрьеэ, ДОХ, бэлгийн замын халдварт өвчин өвчин  хэрээс хэтэрч байгааг нийслэлийн шинэчлэгч дарга нар анхаарах цаг болжээ.

 .

Харамсалтай нь эрүүл мэндийн салбар  мөнгөний өрсөлдөөнөөс бодлогын өрсөлдөөн руу шилжиж чадахгүй байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн сүрьеэ өвчний 55 хувь нь зөвхөн Улаанбаатарт гарч, ялангуяа сүүлийн жилүүдэд “олон эмэнд дасалтай сүрьеэ“ хэмээх эмчилгээний хатуу горим шаарддаг өвчний тохиолдол эрс нэмэгдэв. Гэтэл нийслэлийн харъяа “Энэрэл ” эмнэлгийн 16 ортой сүрьеэгийн тасгийг хаах тухай байнга ярьж, жилээс жилд нэмэгдсээр байгаа төсвөөсөө сохор зоос ч зарцуулахгүй суугаа нь эмч хүний өргөсөн тангарагт яавч нийцэхгүй. НЭМГ-ын дарга С.Туул 1984 онд АУДС-ийг дүүргэж, 2012 онд “Нийгмийн эрүүл мэндийн удирдлагын  тэргүүлэх зэрэг” цолыг хялбархан хүртсэн ч нийслэлийн эрүүл мэндийн 29 байгууллага, 130 өрхийн эмнэлэгт хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж, энэ салбарт ихээхэн булуу хурааж байна гэсэн шүүмжлэл дагуулах болов. Иргэд өвдсөндөө уурлаж байгаа юм биш. Их хотын эмнэлгүүдийн оношлогоо эмчилгээ хүнд суртал, авлигад идэгдсээр буйд улам бүр бухимдаж байна. НЭМГ-ын өрхийг татаж, тооноор нь салхи оруулах цаг нэгэнт болж.

 .

З.Хулд

Эх сурвалж: “Өдрийн сонин”

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
бгэмн бол жинхэнэ авилгал хээл хахуульд баригдсан газрын нэг бүгд арын хаалгаар орсон хүмүүс шалгадаг газар нт шалгах л хэрэгтэй дэндүү шудрага бус даргаар удирдуулж байгаа
2014-03-30
зочин:
БГЭМН ийн дарга Бодьцэцэг хэзээч сайн дарга байгаагүй байж ч чадахгүй Батжаргал ч ялгаагүй ямар сайндаа л тэтгэврийн хөгшин авгайг зөвлөхөөрөө авах вэ дээ хөөрхий
2013-04-21
зочин:
БГЭМН-Ийн дарга Бодьцэцэг хэзээ ч сайн дарга байгаагүй байж ч чадахгүй Батжаргал ч ялгаагүй ямар сайндаа тэтгэврийн хөгшин авгайг зөвлөхөөрөө авах вэ дээ хөөрхий
2013-04-21
zochin:
Ene zov asuudal hondoj bichsen baina, Niisleliin eruul mendiin salbart iim ih bugshsan asuudal baigaa yum baina daa , Shinechlegchid medej baigaa biz dee , Ter baiguullagiin tosov ni yamar ih yum be, ter l hamgiin gol asuudal baih l daa
2013-04-19
zochin:
baliar avgai ve hoogood yavuul
2013-04-18
zochin:
Mash zov asuudliig hondsond talarhaj baina, eruul mendiin salbariin ajil hurdan saijraasai
2013-04-18
zochin:
Eruul mendiin salbariin tolgoid ni baigaa humuus yamar ih yalzarch baigaag unen dureer bichsen baina. S.Tuul gedeg emegtei unendee huniig dugaarlaj uzdeg, ooriinhoo ambitsiin toloo olon nam damjin ajillaj baigaa hundee, ooroo ene baidlaa zovshoorood orgodloo bichij ajlaa ogson ni deer, Ter Batjargaliigaa yamar ih toildog yum be, Odoo darga bolj jujiglehee bolih tsag ni bolson baina daa
2013-04-18