Т.Энхжаргал: Монголд дугуйн спортын эмэгтэй тамирчин цөөхөн

img

  Ж.Даваатогтох: Азийн аваргаа олон улсын тэмцээнд оруулж чадахгүй байгаадаа харамсч байна

Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нэмж, Энэтхэгт улсад зохиогдсон  дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс спортын мастер, Цагдаагийн ахлагч,  “Хүч” спорт хорооны дугуйн спортын тамирчин Т.Энхжаргал анх удаа алтан медалиар энгэрээ мялааж, эх орныхоо төрийн далбааг мандуулж чадсан билээ. Т.Энхжаргал болон түүний багш “Хүч” спорт хорооны дугуйн спортын дасгалжуулагч, Цагдаагийн ахмад, ОУХМ Ж. Даваатогтохтой ярилцлаа.

 .

-Саяхан Т.Энхжаргал Монголын анхны дугуйн спортын Азийн аварга болсон. Энэ талаар яриагаа эхэлье, сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Ж.Даваатогтох: Сэтгэл өндөр байна. Би дугуйн спортоор 14 жил хичээллэсэн. Цагдаагийн байгууллагад ажилладаг. Гарын шавь маань Азийн аваргаас Монголын анхны дугуйн спортын алтан медаль авсанд туйлын их баяртай байгаа.

Т. Энхжаргал: Маш их баярласан. Монголд дугуйн спорт үүсч хөгжөөд 56 жил болж байна. Анх “Дели-1982” Азийн наадмаас дугуйн спортын ОУХМ Ц.Ганболд ах маань мөнгөн медаль, 1989, 2001онд МУГТ Ж.Өлзий-Орших Дэлхийн аваргын мөнгөн медаль, Х.Ууганбаяр ах мөнгөн медаль авч байсан. Энэ оны 3 сарын 13-нд 28.4 км-ийн цуваа гараатай тэмцээнд түрүүлж Монголын дугуйн спортын анхны алтан медалийг авчирсандаа туйлын их баяртай байна.

-Монголын дугуйн спортын түүхэн дэх анхны алтан медаль байх нь ээ?

Т. Энхжаргал: Тийм ээ. Гэхдээ манай дугуйн спортын тамирчид тив, дэлхийгээс медаль авч байсан. Дээр хэлсэн МУГТ Ж.Өлзий-Орших ах Дэлхийн аваргын хоёр ч мөнгөн медалтай. Харин алтан медалийг өнөөг хүртэл авч байгаагүй юм билээ.

-Таныг дугуйн спортоор хичээллэхээсээ өмнө усан спорт, триатлоны спортоор хичээллэж байсан гэж сонссон...

Т. Энхжаргал: Тийм ээ. Би долоон настай байхдаа төв бассейнд явдаг байсан. 2007 он хүртэл тогтмол спортоор хичээллэсэн. 2008 онд Н.Наранбат багшид шавь ороод триатлоны спортоор 2 жил гаруй хичээллэж, жил гаруй завсарласан. Тэгээд Ж.Даваатогтох багштайгаа уулзаад зорилго нэгтэйгээр жилийн хугацаанд арвин их ургац хураалаа. 2012 оны өдийд багштайгаа танилцаж байсан. Багш хажууд суугаад миний нүд рүү харж байгаад “Чи надад итгэж байна уу. Би чамайг улсын аварга болгоод Ази, дэлхий, олимпийн аварга болгож чадна” гэж хэлж байсан. Тухайн үед би дугуйн спорт гэж чухам юу болохыг мэддэггүй байсан болохоор үлгэр шиг л санагдсан. Гэсэн ч бид зорилгоо нэгтгээд бэлтгэл хийгээд нэг жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд 2012 оны 5 сард “Бүх ард түмний спартикат”-аас алт, 6-р сард Улсын аваргаас алт, 7-р сард Цэрэг цолны тэмцээнээс алт авч, спортын мастер болоод найман сарын дараа, өвөлжингөө бэлтгэл хийж байгаад сая Азийн аварга боллоо.

-Та анхнаасаа Т.Энхжаргалыг аварга болох боломжтой тамирчин гэдгийг мэдэж байсан болохоор итгэл хүлээлгэсэн юм байна, тийм үү?

Ж. Даваатогтох: Ганцхан Т.Энхжаргал гэлтгүй өөрийнхөө шавь нарт итгэлтэй байж л тэд амжилт гаргана. Азийн аваргаас медаль авна гэдгийг нь би мэдэж байсан. Учир нь Азийн аварга болгох түвшинд бэлтгэл хийлгэсэн. Азийн аваргын 2012 онд түрүүлсэн эмэгтэйн мэдээллийг интернетээс татаж аваад, цагийнх нь амжилтыг явсан километрт нь хувааж дундаж хурдыг нь гаргасан юм. Тэгээд энэ амжилтыг эвдэж байж л Азийн аваргын медаль авна гэсэн тооцоог гарчихсан байсан. Тэр тооцооныхоо дагуу ажиллаж, бэлдсэн учраас анхныхаа олон улсын тэмцээнд ороод Т.Энхжаргал Азийн аварга болж чадлаа.

-Дугуйн спорт бусад төрлийн спортоос юугаараа илүү давуу болон бэрхшээлтэй  тал нь юу вэ?

Т. Энхжаргал: Триатлонд усанд сэлэлт, гүйлт, дугуйн спорт хавсарч ордог. Усан спортоор хичээллэхэд хэвтээ байрлалаар өөрийхнөө бие эрхтэнд ачаалал өгдөг. Харин дугуйн спортоор хагас босоо байрлалаар хичээллэдэг. Хэвтээ байрлалаас хагас босоо, босоо байрлалд шилжиж, шилжилт нь их хэцүү байсан. Үүгээрээ триатлоны спорт тамирчин хүнээс дасан зохицох чадвар их шаарддагаараа бусад спортоос онцлогтой санагддаг. Дугуйн спортын тухай ярихад би одоо нэг жил л хичээллэж байна. Өдийг хүртэл их юм сурлаа. Цаашид ч суралцах зүйл зөндөө. Эмэгтэй хүний хувьд дугуйн спорт маш хэцүү. Ядаж л эмэгтэй хүн байгалиасаа гэх юм уу даа техниктэй харьцах чадвар тааруу байдаг. Мөн холын бэлтгэл их хийдэг. Өдөрт бид дунджаар 100-150 км-т бэлтгэл хийж байна. Ийм бэлтгэлийн үед хамтрагч байх хэрэгтэй. Ганцаараа холын бэлтгэлд гарна гэдэг үнэхээр хүндрэлтэй.

-Сүүлийн үед дугуйн спортыг хүүхэд, залуус их сонирхох болжээ. Тэд таны шавь болоод хичээллэх боломжтой юу?

Ж. Даваатогтох: Дугуйнд дургүй хүүхэд гэж байхгүй. Дугуйн спорт бол Монголд зайлшгүй дэлгэрвэл зохих ёстой спорт гэж боддог. “Хүч” спорт хорооны дэргэд дугуйн  клуб ажиллаж байгаа тэнд ирж хичээллэх боломжтой.

-Өнөөдөр Монголд дугуйн спортыг хөгжүүлэхэд бэрхшээлтэй зүйлүүд юу байна. Та бүхэн хэрхэн даван туулж байна вэ?

Ж. Даваатогтох: Дугуйн спортын нэн түрүүнд шаардагдах зүйл нь дугуй. Өөрөөр хэлбэл, хүн тулаанд ороход сайн зэвсэгтэй байж л дайснаа дардагтай адил. Техникийн спорт учраас нэг жил өнгөрөхөд л шинэчлэгдэж байдаг. Хөнгөн, хатуу, бат бэх нь шинэчлэгдэхгүй ч гэсэн загвар, дизайн, өнгө будаг нь шинэчлэгдэж байдаг учраас цаг тухайд нь аваад хэрэглэх боломж манайд үгүй. Гэхдээ тэр зүйл нь бидэнд саад болох зүйл биш. Өөрийнхөө хэрэгцээг хангасан, чанарын шаардлагад нийцсэн дугуйтай байхад л амжилт гаргана.

-Таны бодлоор Монголын дугуйн спорт ямар түвшинд байна вэ?

Ж. Даваатогтох: Дугуйн спорт Монголд үүсч, хөгжөөд 56 дахь жилийнхээ түүхийг бичиж байна гэж дээр хэлсэн. Монгол хүмүүс чадварлаг, заасан зүйлийг цааш нь хөгжүүлэх өндөр чадвартай байдаг. Мөн дөрвөн улирлын уур амьсгалын байдал тамирчин хүний биед зөв хүмүүжлийг олгодог. Халуун, хүйтэн, салхитай, жавартай гээд ямар ч нөхцөлд тэсвэр шаарддаг учраас тамирчдад маш дөхөм байдаг. Дугуйн спорт өнөөдөр манайд хөгжиж байгаа. Цаашдаа ч гэсэн хөгжүүлэх ёстой спорт гэдгийг л дахин хэлмээр байна.

-Дугуйчид бэлтгэлээ хаана хийдэг вэ?

Ж. Даваатогтох: Дулааны улиралд (хавар, зун, намар) Өвөрхангай, Дарханы замын аль нэгнийг сонгон бэлтгэлээ хийдэг. Өвлийн улиралд “Хүч спорт хороо”-ны заалны дугуйн клубт хийдэг.

-Тив, дэлхий, олон улсын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад төрөөс мөнгөн урамшуулал олгодог болсон шүү дээ. Урамшууллаа авсан уу?

Т. Энхжаргал: Улсаас 10-н сая төгрөг өгөх юм байна лээ. Одоохондоо аваагүй л байна. Санхүүжилт нь улирлын эцсээр орж ирдэг гэсэн. Удахгүй өгнө гэсэн /инээв/.

 -Ойрын үед зохиогдох тэмцээн юу байна?

Ж. Даваатогтох: Дотоодын тэмцээний хувьд жилийнхээ тэмцээний төлөвлөгөөг гаргачихсан байгаа. Автомашингүй өдрөөр тэмцээн зохиох байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалаад зохион байгуулаагүй. Удахгүй дөрвөн сарын сүүлчээр нээлтийн тэмцээн болно. Тайландын олон улсын тэмцээн саяхан явагдсан. Энэ тэмцээнд санхүүгийн асуудлаас болоод явж амжаагүй. Азийн аваргаас медаль авсан тамирчнаа олон улсын тэмцээнд оруулж чадахгүй байгаадаа маш их харамсаж байна.  Нэг хурдны морийг хичнээн сая төгрөгөөр үнэ хаялцан авдаг мөртлөө амжилт гаргаж байгаа тамирчнаа дэмжих байгууллага ховор байдаг. Мэдээж дэмждэг байгууллага бас бий л дээ. Гэхдээ цагаа тулахаар олдохгүй үе байна. Дараагийн тэмцээн Хятадад ирэх сарын 8-18-ны хооронд болно. Тэгээд 8 сарын 4-нд Ирландад болох Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,  9 сарын 22-нд мэргэжлийн дугуйчдын дэлхийн аваргын тэмцээн байна даа. Ганцхан Т.Энхжаргалыг биш цаана нь гурван тамирчин байгаа. Багаар нь авч явахыг зорьж байна. Бас л санхүүгийн асуудал хэцүү байна.

-Олон улсын томоохон тэмцээн уралдаанд оролцох, дэлхийн жишигт нийцсэн спортын хэрэгсэл ашиглах гэхээр тамирчдад санхүүгийн бэрхшээл л тулгарах юм аа?

Т. Энхжаргал: Тийм ээ. Сая Азийн аваргад бэлтгэл хийхэд дугуй, хамгаалалтын малгай, шипи, дугуйны диск их хэрэгтэй байсан. Багш маань хөөрхий машинаа зараад, “Монголын дугуйн спортын холбоо”-ны ерөнхийлөгч бас туслаж дэмжээд хамгийн сүүлийн үеийн, хэрэгтэй хэрэгслүүдээ авсан. Одоо ДАШТ-нд бэлдэж байна. Энэхүү тэмцээнд ороход цуваа гараанд дугуй гологдохгүй болсон. Харин бөөн гараанд дугуй маань гологдох учраас шинэ дугуй хэрэгтэй.

-Цуваа болон бөөн гараатай уралдаан ямар ялгаатай байдаг юм бэ?

Т. Энхжаргал: Цуваа гараатай уралдаанд дан ганц өөрийнхөө хүчээр уралддаг. Тамирчид нэг, нэг минутын зайтай гараад уралддаг болохоор хүний салхинд сууж амарна, хүчээ нөөж байж хүчээ шавхана гэсэн ойлголт байдаггүй. Харин бөөн гараатай тэмцээнд толгойгоо сайн ажиллуулж чадвал тавин хувийн хүчээр амжилт үзүүлж болно. Ингэхийн тулд тамирчин хүнд маш их туршлага хэрэгтэй байдаг.

-Дараа дараагийн тэмцээнд амжилт гаргахын тулд бэлтгэлээ базааж байна уу? Боломж хэр харагдаж байна?

Ж. Даваатогтох: Ерөнхийдөө Азийн аваргын түвшинд хүрчихсэн хүнийг цааш нь ахиулж, дараагийн тэмцээнд амжилт үзүүлэхийн тулд бэлтгэлийг нь улам өндөржүүлэх хэрэгтэй. Дараагийн амжилт “Дэлхийн цом”-ын тэмцээнийг тооцоолсон байгаа.  Учир нь түрүү жил дэлхийн аварга болсон тамирчны мэдээллийг татаж аваад судалгаа хийж үзсэн. Германы тамирчин түрүүлсэн байна лээ. Энэ тамирчин 24,1 км замд 32 мин 27 сек 42 долийн амжилтаар түрүүлсэн. Дундаж хурд нь 45км/цаг байгаа юм. Харин Т.Энхжаргалынх 43,6 км/цаг байгаа. Тэгэхээр нэг километрт 5 секунд ахиулж байж 20 км-т Дэлхийн аваргаас алт авах тооцоо гарсан. Энэ тооцооныхоо дагуу л ажиллана даа.

-Залуу Азийн аваргын мөрөөдлөөс хуваалцаж болох уу?

Т. Энхжаргал: Тамирчин хүн бүр Олимпийн алтан медаль авахыг мөрөөддөг байх. Би ч гэсэн үүнийг мөрөөдөж байна. Тиймээс дугуйн спортоор хичээллэх энэ карьерт надаас юу гарах боломжтой байна тэр бүгдээ л зориулах болно.

.

Ц.Баянбилэг

Эх сурвалж: “ Залуучуудын үнэн ” сонин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

торт:
1 р хороололд тэтгэврийн насны нэг эгч байдаг, үргэлж уралдааны дугуй уначихсан явж байдаг.
2013-04-22
dfghjkl;:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v
2013-04-21