Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай өнөөдөр хэвлэлээр цацагдсан Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн МУ-ын Ерөнхийлөгчид хандан бичсэн захидлын талаар ярилцлаа.
-Олимпийн хорооний ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж гэмт хэргээр шалгагдаж байгаа учраас анхаарч үзэхийг хүссэн захиа бичсэн байна. Энэ талаар таны бодол?
-Би цагаан сараар гадаадад байж байгаад хүрч ирэхэд Авилгатай тэмцэх газар Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг барьж хорьсон байсан. Тэрбээр олимпийн хорооны мэдлийн газар, олимпийн хорооны эрх мэдэл, олимпийн хорооны нэрийг ашиглаж
хувийн бизнес хийсэн, улсын мөнгийг шамшигдуулсан болон бусад гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээр шалгагдаж байгаа гэсэн.
-Захиандаа намайг барьж хорьсон нь улс төрийн зорилготой гэж бичсэн байсан?
-Энд улс төржөөд байх шаардлага, шалтгаан байхгүй. Энэ албан тушаал улс төрд юу ч биш. Ер нь хэрэг хийсэн хүн болгон хэлмэгдлээ гэж Ерөнхийлөгчид сүржин захиа бичдэг болжээ. Ерөнхийлөгч шүүгч юм шиг хууль хяналтын байгууллагын ажилд оролцуулж, ийм байдлаар хутган үймүүлж байж ял шийтгэлээс мултрана гэвэл энэ зорилго нь бүтэхгүй юм.
-Энэ асуудал одоо ямар шатанд явж байна вэ. Цаашид яаж өрнөх бол?
-Одоо бол мөрдөн байцаах шатанд явж байна. Хэрвээ энэ хүний гэм буруу нь тогтоогдвол хэрэг нь шүүхэд шилжинэ. Харин тэр үед би шүүх хурлыг орон даяар нээлттэй явуулах санал тавих болно. Энэ хүний үйл ажиллагаа улс төрийн шалтгаантай байсан уу, үгүй юу гэдгийг олон түмэнд ил тод харагдахаар нээлттэй явуулах саналыг би шүүхэд тавина. Тэгэж байж олон түмэн хэн нь улс төржиж байгааг ойлгох байх.
-Ерөнхийлөгчид бичсэн захиандаа олимпийн хорооны сонгуулийн талаар их зүйл бичсэн байна лээ. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Аливаа сонгууль янз бүр л болдог. Болдог сонгууль болдгоороо болсон. Сонгуулийн үеэр болсон маргаанаар далимдуулж улс төржүүлэн, үйлдсэн гэмт хэргээ хаацайлах арга саам хийж байгаа бол явуургүй арга гэж харагдаж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ