
УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ш.Түвдэндорж нар Монгол Улсын Их Хурлын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлжээ. УИХ-ын сонгуульд нэг субьект болон оролцсон нам, эвсэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр тарсан, Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа нь зогссон тохиолдолд нэрийн жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх эрх зүй тодорхойгүй байгаа. Түүнчлэн нам эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон гишүүн анх өөрийг нь нэр дэвшүүлсэн намын гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр гарсан тохиолдолд тухайн гишүүний бүрэн эрх яаж, хэрхэн шийдвэрлэгдэх зохицуулалт УИХ-ын тухай хуульд тусгагдаагүй байна. Тиймээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж гишүүд үзжээ.
Хуулийн төсөлд нэрийн жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүн нь сонгуульд эвсэж орсон нам, эвсэл нь тарсан, эсхүл нам нь татан буугдсан бол, түүнчлэн нэр дэвшүүлсэн намын гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр гарсан тохиолдлуудад, УИХ-ын чуулганы хуралдааныг дараалан 10-аас дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгохоор тусгажээ. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал нам эвсэл нь тарсан тохиолдолд УИХ-д тухайн нам эсвлийн нэрийн жагсаалтаар суудал авсан гишүүнийг хэрхэх, чуулганы хуралдаан тасалсан гишүүдийг хариуцлагжуулах зэрэг ач холбогдолтой эрх зүйн өөрчлөлт хийгдэнэ хэмээн хуулийн төсөл санаачлагч гишүүд үзэж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ