О.Магнай даргаа “Эко”-г эрхлүүлсээр байх уу
“Шууд.эм.эн” мэдээллийн дэлгэц фото сурвалжлагын ээлжит дугаараараа “Эко”-гийн барилгыг хөндлөө.
Хулхи, худалчаараа зартай “Эко” констракшны барилгын чанартай холбоотой гомдлыг хэрэглэгчид хэдэн жилийн турш хэл хүрэх газар нь хэлж, хөл хүрэх газарт нь зарга мэдүүлж явсаар арга мухардсан гэж хэлж болно.
Тус компанийн барилгын чанар муугаас болж оршин суугчид нь үргэлж хохирдог. Гэсэн хэдий ч хохирлоо хэзээ ч нөхөн төлүүлдэггүйг өдгөө найман настай балчраас наян настай өвгөн хүртэл мэдэхтэйгээ болсон.
Алдарт “Эко”-гийн барих гэж тарамдсан олон барилгыг хэрхэн барьдаг талаар баримт сөхье. Эх сурвалжийн мэдээллээр тус компани нь тал, хаягдал тоосгуудыг хямд өртөгөөр худалдан авч барилга барихдаа ашигладаг.
Ингэж байртай болох хүсэлдээ хөтлөгдсөн олон арван хүний эрхийг зөрчин хээв нэг данхайсаар байна. Бүр алдаа дутагдлаа засах нь бүү хэл улам олон хохирогч “үйлдвэрлэсээр”...
Нийслэл хотоор нэг тарсан /хамгийн их газар эзэмшдэг/ “Эко” овогтой хорооллуудаас зөвхөн нэгийг нь энд онцолъе. Баянгол дүүргийн аравдугаар хороололд сүндэрлэх “Golden park” хотхоныг өнгөц харахад сүрдэм сайхан харагдана.
Харин ойртож очвол барилга гэхийн аргагүй өнгөлгөө, шавар нь хуурч, энд тэндгүй цууралт үүссэн байв. Ашиглалтад хэдийн орсон уг барилгуудын тухай оршин суугчид нь “Лифт нь үргэлж зогсдог. Өвөлдөө хүйтэн. Барилгад түрүүчээсээ цууралт өгч эхэлсэн. Бид холбогдох мэргэжлийн байгууллагад нь мэдэгдсэн атал хэн ч хариу өгөхгүй байна” гэж арга барагдан өгүүлж байна.
Зөвхөн чанаргүй барилга бариад зогсохгүй метр квадрат дээр ч ажилладаг тухай баримтууд бий. Тодруулбал, "барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” болон Дэд бүтцийн яамны норм дүрэмд засал бүрэн хийгдсэн үед дотор хананаас сууцны талбайг тооцох журамтай. Гэтэл “Эко”-д оис буюу хананы зузаан тэнхлэгийн голоос авч хэмжин, түүгээрээ үнэлгээ гарган худалдсан тохиолдол ч өмнө нь гарч байсныг нуух аргагүй.
Ингэснээр тэд нэг өрөө сууцнаас л хоёр гурван метрийн нэмүү төлбөр унагаж, иргэдийг залилсаар ирсэн.
Энэ мэт тус компанийн барилгын чанартай холбоотой гомдлуур тасралтгүй хөвөрсөөр байтал, тэд нэмж барилга үйлдвэрлэсээр... Хохирогч үйлдвэрлэсээр л ...
Олон зүйлийг нуршилгүйгээр фото сурвалжлагаас уншигчид нэгийг харах биз. Бид үргэлжлүүлэн хохирогчдын өгсөн мэдээллийн дагуу баримтыг дэлгэн хүргэнэ.
У.Хаш


СЭТГЭГДЭЛ БИЧИХ