Жижиг, дунд үйлдвэрийнхний том зовлон
“Чингис” бондын том мөнгө улстөрчдийн гарын салаагаар урсах шинжтэй болов. “Буян”-гийн Д.Жаргалсайхан шинэчлэлийн Засгийн газрыг магтах үгээ олж ядан, Хамуг Монголын хөдөлмөрийн намын Ц.Шинэбаяртай дөрөө харшуулан бондын мөнгөнөөс шинэ брэнд гаргаж, мянга мянган ажлын байр нэмэгдүүлэх нэрийдлээр тэрбумаар нь салгаж авахаар улайрчээ. П.Жасрай агсны засаглалын үед ноолуурын үйлдвэр барина гэж Монгол Улсыг Японы “Марубени” корпороцийн аманд аваачаад хийчихсэн наймаачин даа. Аль ч засгийн өнгөнд их мөнгөний үнэрээр акулууд завших юм. Хэдэн жилийн өмнө Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих жил болгон зарлахад зориулалтын сангаас нь “Гачуурт” компанийн Л.Чинбат нарын томчууд том зээл аваад ёроолыг нь гөвж орхисон. Одоо Н.Алтанхуягийн танхим муусайн жижиг, дунд үйлдвэрийнхэнд барьцаагүй зээл олгох юм шиг санаатай байна. Тэр сургаар зарим аймгийн оффисын өтнүүд ганц оёдлын машингүй байж өөрсдөдөө зээл хуваарилж эхэлсэн байх юм. Үүнд л жижиг, дундынхны том зовлон оршиж байгаа юм.
.
Уг нь “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүн цаанаа л сэтгэлд өег байдаг. Энэ хаягийг дэлхийд цуутай Оюутолгой, Тавантолгой төслийнхөн зүүж чадаагүй байхад олон жижиг, дунд үйлдвэрийн бараа таваар хэдийнэ олны танил болжээ. “Монголд үйлдвэрлэв 2012, Үндэсний үйлдвэржилт” үзэсгэлэн худалдаанд 258 нэрийн 1270 төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэн тавьсан байсан. Ихэнх нь дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төдийлөн жин дарахгүй ч хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн өнгө үзэмж, чанар чансаагаараа өвөрмөц ялгаатай байсан юм.
.
Сэлэнгэ аймгийн “Буянхишиг” хмелийн талхны үйлдвэрийн бүтээгдэхүүн хол ойрдоо алдартай. Харин үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд зээл зайлшгүй хэрэгтэй байгаа тухай үйлдвэрийн эзэн зовлон тоочиж байсан. Эднийх анх арав гаруй жилийн өмнөөс энэхүү талхаа хийж, одоо өдөрт дөрвөн төрлийн 700-800 ширхэг талх үйлдвэрлэдэг болсон байна. Эдний талхны хамгийн том нь хоёр кг, жижиг нь 800 гр. Зах зээлд 650-1700 төгрөгөөр борлуулдаг аж. Эхлээд талх барих тусгай зуухаа хагас сая гаруй төгрөгөөр худалдан авч байсан бол өдгөө ийм гурван зуухтай болж, 25 ширхэг талхыг зэрэг шарж болгодог. Хамгийн гол нь хар модны гал дээр шардаг болохоор жигд болцтой, гадна тал нь сайхан шаргал өнгөтэй, хатуулаг сайтай болдог. “Алтан тариа”-ны юм уу, эсвэл орос дээд гурилаар хийж, хөрөнгийг ямар нэгэн исгэгч бодис хэрэглэлгүй гараар зуурч, дээж авч үлдээн дахин хэрэглэдэгт уг талхны жорын нууц оршдог бололтой. Хөрөнгөө долоо хоногт хоёр удаа шинэчилж исгэдэг. Долоо хоногт дөрвөн тн гурил, нэг ачааны машины тэвш мод хэрэглэдэг хэмээн үйлдвэрийн эзэн ярьж билээ.
.
Тус жижиг үйлдвэр жилийн дөрвөн улиралд зургаан хүнийг байнгын ажлын байраар хангадаг. Ажилчид хонуут өнжүүт ажиллах үе ч цөөнгүй. Бүтээгдэхүүнээ “Гурван мэргэд” хүнсний зах болон хүнсний арав гаруй дэлгүүрт борлуулдаг. Улаанбаатарт аваачиж борлуулах хүсэлт ирдэг ч одоохондоо хүчин чадлын хувьд ахадсан ажил хэмээн нэрэлхсэн ч цаашид үйлдвэрээ өргөтгөх хүслээ нуусангүй. Эдний бүтээгдэхүүн улсын мэргэжлийн хяналт болон стандартчилал, хэмжил зүйн байгууллагын олон шалгуурыг амжилттай давж, аймаг, улсын хэмжээний хориод шагнал хүртжээ. Сүүлийн үед хэрэглэгчдээс ирүүлсэн хар гурилаар хийх саналыг туршиж үзэхэд илүүдэхгүй болов уу гэж байлаа. Ер нь хөл дээрээ зогссон жижиг үйлдвэрүүд үйлдвэрлэлээ өргөжүүлэх зээл авах, ингэснээр ажлын байраа нэмэгдүүлэх сонирхол их байна.
.
Цаашилбал Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар ангиллыг тодорхой болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 3-5 жилийн хугацаагаар чөлөөлөх, эсвэл борлуулалтын орлоготой нь уялдуулан аж ахуй нэгж, иргэнд тогтмол татвар ногдуулах асуудлыг судлан шийдвэрлэх, ажлын байр шинээр бий болгосон, хадгалсан аж ахуйн нэгж, ажил олгогчдод үзүүлэх дэмжлэг, үйлдвэрийн ажилчдад нь бүсийн ялгавартай нэмэгдэл олгох зэрэг цөөнгүй шаардлага урган гарч байна. УИХ-аас Зээлийн батлан даалтын тухай хуулийг батлан гаргаж, эдгээр үйлдэрлэгчдэд хүссэн зээлийн 60 хувийг Зээлийн батлан даалтын сангаас, үлдсэнийг нь ЖДҮ-ийн хуримтлалын сангаас гаргана гэсэн Ерөнхий сайд асан Сү.Батболдын амлалт бас л маапаантай болсон.
.
Ер нь жижиг, дунд үйлдвэрүүд хөрөнгө бага ч ажлын байр бий болгох талаар аль ч салбараас дутахааргүй нөөц бололцоотой. Яваандаа хөдөлмөрийн насны хүн амын 27 хувийг ажлын байраар хангах ирээдүй ч харагдаж байна. Энэ үзүүлэлт бодит ажил хэрэг болохын хэрээр ажилгүйдэл, ядуурлын түвшин буурахад тустай. Ингээд бодохоор олон жижиг үйлдвэр нийлээд нийгэмд томоохон ачаа үүрэх нь ээ.
.
Юуны өмнө төрөөс жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2016 он хүртэл үргэлжлүүлэн чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг 200 сая хүртэл төгрөг болгох, салбарын онцлогоор ялгавартай тогтоох, малын гаралтай түүхий эд болон арьс шир, мах, сүү бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчдад мөнгөн урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх, боловсруулах үйлдвэр болон малчин, саальчин, тариаланч, ногоочдод ажилласан жилээс нь хамааруулан урамшуулал олгох тогтолцоог бүрдүүлэх, малчдыг өрхийн үйлдвэр эрхлэгч болгохыг төрөөс баталгаажуулах, алслагдсан бүс нутагт үйлдвэрлэл эрхлэгчдэд цахилгаан, дулаан, тээврийн зардал зэрэгт нөхөн төлбөр олгох асуудлыг судалж шийдэх, ЖДҮ-ийг дэмжих зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжин барьцаагүй зээл олгох асуудал чухлаар тавигдаж байна.
.
Эдгээрийн нөгөө талд жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчдээс шудрага ёс зүйтэй бизнес, үйлдвэрлэл эрхлэх, авлига хээл хахууль, танил талаа ашиглан давуу байдал олж авах зэрэг зүй бус үйлдлээс татгалзаж, үйлдвэрлэгчид бие биеэ дэмжин, монгол брэндийг дэлхийн зах зээлд гаргахын төлөө хамтран ажиллах, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, стандартын түвшинг европын түвшинд хүргэх бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрлэгчдийн нэр хүнд, үнэлэмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй болов уу. Дэлхий нийтээрээ хоршоог дэмжсэн ажил өрнүүлж буй энэ үед хоршоологчид өөрсдөө овсгоо санаачлагатай ажиллаж, боловсон хүчнийхээ мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хоршооны гишүүдээ дэмжих чиглэлээр үр дүнтэй ажиллавал улс орны эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн хөгжил талх шиг хэрэгтэй.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ