
Дайны эрсдэлийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө зувчуулсан хэрэгт татагдсан МИАТ-ын гүйцэтгэх захирал асан Ц.Орхоны хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Ц.Монгол өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “МИАТ-ын гэх тодотголтой хэрэгт сэжигтнээр татагдсан Ц.Орхоныг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэргийн гол зохион байгуулагч мэтээр бичиж байгаа нь хууль зөрчиж байна. Түүнчлэн энэ хэрэгт холбогдсон хүмүүс хоорондоо утсаар ярьсан. Мэдүүлгээсээ буцсан зэрэг мэдээлэл ор үндэслэлгүй. Ц.Орхон өнгөрсөн хугацаанд нэг ч удаа мэдүүлгээсээ буцаагүй” гэлээ.
Өмгөөлөгчийн үзэж буйгаар Ц.Орхон уг хэрэгт яллагдагчаар татагдах үндэслэлгүй гэнэ. Учир нь Ц.Орхон 2010 оны долдугаар сард ажлын хэсэг гаргаж, Дайны эрсдэлийн даатгалын сан нэрээр мөнгө гаргаж байсан үйлдлийг таслан зогсоож, гэрээг цуцалсан. Ингэснээр гадагшаа урсах байсан дөрвөн тэрбум төгрөгийг МИАТ-ийн орлого болгосон аж.
Мөн түүний эхнэр Ү.Цэцэгмаа 2002 онд компани байгуулах зорилгоор нээсэн дансыг энэ хэрэгт холбогдуулан шалгаснаас өөр оролцоо байхгүй гэв. Компани байгуулахаар нээсэн дансаар нэг ч төгрөгийн орлого, шилжүүлэг хийгдээгүй гэх тайлбарыг өмгөөлөгч Ц.Монгол хийлээ.
Одоогоор тэдэнд эрүүгийн хуулийн 150.3 буюу байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдсэн этгээд завшиж үрэгдүүлсэн, онц их хэмжээний хохирол учруулсан, 166.1 буюу мөнгө угаасан гэх үндэслэлүүдээр буруутгаж байгаа юм байна.
У.Хаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ