“Ц.Орхон “МИАТ”-ийн дансанд дөрвөн тэрбум төгрөг үлдээсэн”
“Дайны эрсдэл”-ийн сангийн нэрээр мөнгө угаасан хэрэгт МИАТ-ийн хуучин удирдлага болох Ц.Орхон, "Монголиан Эйрлайнес" компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг нар шалгуулж буй. Түүнчлэн Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү Б.Мандахбаяр, “Голомт” банкны салбарын захирал нарт УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Орхоны өмгөөлөгч Ц.Монгол өнөөдөр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ц.Орхоны хэргийг цагаатгах үндэслэлтэй гэж та хэллээ. Яагаад ийм хүсэлт гаргав? -Ц.Орхон МИАТ-ийн захирлаар болсныхоо дараа “Дайны эрсдэл”-ийн даатгалын болон “МИАТ” ХК-ийн урьд нь мөрдөж байсан бүх гэрээ хэлэлцээрүүдийг ажлын хэсэг томилон шалгуулсан. Мөн гэрээнд заасан нөхцөлийнх нь дагуу гурван сарын өмнө мэдэгдэл өгч, хариу өгөхгүй болохоор нь шууд цуцлаж, “МИАТ”-т дөрвөн тэрбум төгрөгийг үлдээж, далд гэмт хэргийг таслан зогсоож, гэрээг сунгах саналыг хүлээн аваагүй. Тэгээд гэрээг цуцлах ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Тиймээс энэ хэргийг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болох учиртай. -Хэрэв хууль зөрчсөн гэрээ байсан юм бол яагаад холбогдох хууль хяналтын байгууллагад хандаагүй юм бэ. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нуучихсан юм биш үү? - Хуулийн дагуу арга хэмжээ авсан. -Одоо хэрэг нь ямар шатанд яваа вэ? - Өнөөдөр УМБГ-аас Прокурорын хяналтад шилжүүлж байгаа. МИАТ-ийн гэх хэргийг удирдан зохион байгуулж толгойлсон хүн нь Ц.Орхон мэтээр ташаа мэдээлэл хэвлэлээр маш их цацагдаж байна. Хуулийн ажилтнууд “Ц.Орхон нар мэдүүлгээсээ буцсан” гэх мэтээр худал мэдээлэл гаргасан. Гол нь хэргийг үнэн зөв, шуурхай шалган тогтоож, батлан даалтад гаргахыг хүсч байна. Хэрэг гарахаас өмнө Ц.Орхоныг 2010 оны тавдугаар сарын 27-нд ажлаа авахад нислэг зогссон, ажил хаялт болсон, онгоц гэмтэж жуулчдыг тээвэрлэх онгоцгүй байсан. Харин энэ бүх асуудлыг Ц.Орхон шийдвэрлэж, МИАТ-т түрээсийн хоёр том онгоц зах зээлийн үнэлгээнээс 5-6 сая ам.доллараар хямдаар олж гэрээ байгуулсан. Ажил авахад байсан 6-8 сая ам.долларын богино хугацааны зээлийг төлж барагдуулсан. Орлогыг жил бүр 20 орчим тэрбум төгрөгөөр өсгөсөн. Урьд нь 160 суудалтай онгоцыг 347.000 ам.доллараар түрээслэж байсан бол тус бүр 260 суудал бүхий хоёр онгоцыг 297.00 ам.доллараар түрээслэх гэрээ байгуулсан. Хятадаас таван ширхэг орон нутгийн нислэгийн онгоц авах гэсэн ашиггүй наймааны эсрэг байж чадсан. Тэрбээр нам бус, МИАТ-ийг улс төрөөс ангид байлгахыг хүсч байсан хүн.
-Та Ц.Орхоны нууц дансыг шалгаж байгаа гэж мэдээлэлдээ дурьдлаа. Яг ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бэ?
-Мөрдөн байцаалтын нууцад хамаарах зүйлийг ярих боломжгүй.
-Ямар зүйл ангиар хэрэг үүсгэсэн юм бэ?
-Эрүүгийн хуулийн 150.3 буюу байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдсэн этгээд завшиж үрэгдүүлсэн, онц их хэмжээний хохирол учруулсан, 166.1 буюу мөнгө угаасан гэх үндэслэлүүдээр буруутгаж байгаа юм байна.
- Ц.Орхоныг бараг хэрэгт холбогдолгүй гээд байсан. 150.3 гэхээр бүлэг хүндэрсэн зүйл ангиар шалгагдаж байгаа юм байна шүү дээ?
- Прокурорын шатанд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол хэрэгсэхгүй болгох хууль бий.
-Х.Тэмүүжин сайд буруу мэдээлэл хэвлэлээр цацсанаас болж Ц.Орхоны ах цус харваж бурхан болсон гэх утгатай мэдээллийг та өглөө. Тодруулаач?
-Ц.Орхоны төрсөн ах дүүгээ хэрэгт холбогдлоо гэдэг мэдээллийг телевизээр үзээд цус харваж нас барсан нь үнэн. Үүнд шууд Х.Тэмүүжин сайдыг буруутгаагүй.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ