
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар болж шийдвэрлэжээ.
Уг ажлын хэсгийнхэн “Чингис бонд”-ын мөнгөөр Монголбанк алт худалдан авсан байж болзошгүй гэх мэдээллийг нягтлах, Тавантолгойн ордод Ерөнхий сайдын садан төрөл тендер авахаар оролцож байгаа эсэх, төрийн албанаас иргэдийг олноор нь хоморголон ажлаас нь чөлөөлсөн асуудлыг тодруулах аж.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, Ж.Батсуурь, А.Тлейхан, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа нар багтсан байна.
Тэд нэгдүгээрт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн данхайж буйн учир, төрийн албан хаагчидтай холбоотой тоо баримтын зөрүүг нягтлах. Хоёрдугаарт, Монгол Улсын алтны нөөц огцом нэмэгдсэний шалтгаан, бондын хөрөнгөөр алт худалдаж авсан эсэх. Гуравдугаарт, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамаатны дүүгийн гэх “Gobi Power” компани Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх тендерт шалгарсан эсэх асуудлыг шалгаж, дүнг ирэх лхагва гаригт болох бүлгийн хуралдаан дээр танилцуулах аж.
У.Хаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ