
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасагт ШШГЕГ-ын харъяа хорих 429 ангиас ялтан залууг шилжүүлэн, эмчилж эхэлсэн байна. Өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 19-нд Хорих 429 дүгээр ангийн хүмүүжигчийн сүрьеэ өвчин хүндэрч, биеийн байдал муудсан тул ийнхүү эмчлүүлж байгаа аж.
“Хорих ангид ял эдэлж байгаа хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтныг орон нутгийн болон төвийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчлэхийг хориглоно” гэх журмыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар энэ сарын 15-нд хамтарсан тушаал гаргаж, хүчингүй болгосон. Энэ шийдвэрийн дагуу гуравдугаар шатлалын эмнэлэгт хүмүүжигч, ялтныг эмчлэх боломжтой болсон. Хорих 429 дүгээр ангид сүрьеэ өвчин туссан хүмүүжигчдийг эмчилдэг. Тухайн хүмүүжигчийг гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай учраас шилжүүлсэн ажээ.
Одоогоор ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүжигч нь олон эмэнд тэсвэртэй, хүнд төрлийн сүрьеэ өвчнөөр өвчилсөн тул нарийн мэргэжлийн оношлогоо эмчилгээ шаардлагатай тул ХӨСҮТ-д шилжүүлэн эмчлэх зайлшгүй шаардлагатай байсан бололтой. Харин жирийн иргэдийг эмчилдэг эмнэлэгт хууль хяналтын байгууллагынхан хөлхөж, хоригдол шилжүүлэн авчирсан нь тун таагүй байдал үүсгэж иргэдийн сэтгэл санаа ч гэсэн түшүүртэй, хэцүүхэн байгаа талаар ХӨСҮТ-ийн эх сурвалж хэлжээ.
Эх сурвалж: www.emch.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ