
Эрүүл мэндийн яамны харъяа Эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт явагдаж дууссантай холбогдуулан Сонгон шалгаруулах комиссын дарга, ЭМЯ-ны Байгууллагын удирдлага, хөгжлийн хэлтсийн дарга Д.Оюунцэцэг, Сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, яамны Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн С.Гантуяа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийт 15 ажлын байран дээр 61 хүний материал ирсэн бөгөөд ирүүлсэн материал тус бүрийг нягтлан үзсэний үндсэн дээр хүн бүрт шалгалтын хуваарьтай мэдэгдэх хуудас өгсөн байна. Улмаар ур чадварын болон ярилцлагын шалгалтанд тэнцсэн хүмүүс англи хэлний шалгалтанд орсон. Шалгалтын эцсийн дүнг журмын дагуу ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд танилцуулж сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч тэнцсэн хүмүүсийг Эрүүл мэндийн сайдад өргөн барих саналыг хүргүүлжээ.
Шалгалтын 3 үе шаттайгаар явуулсан бөгөөд ур чадварын шалгалтанд тэнцсэн хүмүүс нь англи хэлний шалгалтаа өнөөдөр өгч байгаа аж. Шалгалтын дүнг үндэслэн онооны дарааллаар жагсааж, улмаар тухайн ажлын байранд тохирох эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх, хувьдаа эмнэлэгтэй эсэх, эцэст нь АТГ-ээр шалгуулах гэнэ. Дээрх шалгуурт тэнцсэн эрхэм өөрийн санал болгон өрсөлдөж буй ажлын байранд тэнцэх аж.
Харин Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Цус сэлбэлт судлалын үндэсний төв зэрэг таван эмнэлгийн дарга нарыг сонгох шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс дахин зарлах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ