800.9 тэрбумыг юунд зарцуулах нь тодорхойгүй байна

img

Монгол Улсын Засгийн газраас ойрын жилүүдэд хийх бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэх Засгийн газрын бонд гаргах шийдвэрийг УИХ гаргаж, улмаар 1,5 тэрбум ам.долларын бонд арилжаалах эрхийг олгосон билээ. Тун удалгүй Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар  "Монгол Улс түүхэндээ анх удаа Засгийн газрын бондыг дэлхийн зах зээлд амжилттай арилжааллаа" гэж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдэж байлаа. Улмаар Монгол Улсын төрийн сангийн дансанд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд 1,5 тэрбум ам.доллар буюу 2,1 их наяд төгрөгтэй тэнцэх хөрөнгө бэлнээр орж ирсэн билээ.

.

Харин Чингис бондынхоо мөнгийг юунд зарцуулах эсэхээс манай улсын хөгжил хэмжигдэнэ гэдгийг мартах учиргүйг зарим нэг нь сануулах болсон. Цаашлаад бонд гэдгийг зарим нь орлого гэж ойлгоод байна. Энэ бол зээл. Бүр тодруулбал, өрийн бичиг шүү гэдгийг ч сануулаад байгаа. Тэр ч бүү хэл бултаараа хэлэлцэж байж гаргасан энэхүү шийдвэрээ буруу зүйл байсан гэх утга бүхий зүйлийг УИХ-ын зарим гишүүн ярих болов. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд төслүүдээ бэлэн болгоогүй байж мөнгөө авсан. Бондын мөнгө орж ирсэн цагаас хойш нэг ч төгрөг зарцуулсангүй хэмээн  шүүмжилж байсан. Хариуд нь Ерөнхий сайд "Ямар ямар төсөлд хөрөнгө оруулах нь нэгэнт шийдэгдсэн" гэж байсан билээ. Сангийн сайд ч төсөл байхгүй гэж ярих үндэсгүй. Төсөл бүр дэндүү олон байна хэмээн өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлж байсан билээ.

.

Ингээд энэхүү хөрөнгийг үр ашигтай зарцуулах хариуцлага Засгийн газрын толгой дээр бууж  ирсэн. Энэ хөрөнгийг төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн халамжид зарцуулахгүй цэвэр шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц зэрэг эдийн засгийн хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн. Чухам ямар ямар төсөлд зарцуулахаар төсөвлөснийг эргэн сануулъя.

.

Автозам

Дэд бүтцийн дотор автозамын төслүүд нэлээд байгаа. Тухайлбал, энэ онд багтаж зургаан аймгийг нийслэл хоттой хатуу хучилтай замаар холбох 1400 км автозамын төсөл бий. Тодруулбал, энэ онд Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбоно. Замын нийт урт 1400 км юм байна. Нэг жилийн хугацаанд ийм хэмжээний зам тавьж байсан тохиолдол манай улсын түүхэнд байгаагүй гэдгийг салбарынхан хэлж байгаа. Тэгэхээр энэ бол яахын аргагүй том бүтээн байгуулалт болно. Энэ ажилд Чингис бондын хөрөнгөөс 570 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Улмаар ирэх жил дөрвөн аймгийг Улаанбаатар хоттой холбох төсөл хүлээж байгаа. Замын төслүүд харьцангуй удаан хугацаанд өртгөө нөхдөг. Гэхдээ эдийн засгийн болоод нийгмийн үр ашиг авчирна гэдгийг Сангийн сайд Ч.Улаан онцолж байна.

.

Монгол брэнд бий болгоно

Удаах төсөл бол "Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх" төсөл. Энэхүү төсөлд 95 тэрбум төгрөгийг Чингис бондоос санхүүжүүлнэ. Төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүд самнах, нарийн ноолуур ээрэх, нэхэх, сүлжих, оёдлын тоног төхөөрөмж суурилуулах технологийн шинэчлэл хийхээр захиалсан. Энэ төслийн үр дүнд түүхий ноолуурын эспортыг зогсоож, нэмүү өртөг шингэсэн эспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Улмаар 20 мянган ажлын байр бий болж, орон нутагт 200 гаруй сүлжмэл болон оёдлын жижиг үйлдвэр байгуулна гэж тооцоолжээ.

.

Төмөр зам

Бас нэг томоохон төсөл бол дөнгөж эхлүүлчихээр гацсан шинэ төмөр зам барих төсөл. Шинэ төмөр замын төсөлд 2013 оны эхний санхүүжилтэд шаардагдах 279.2 сая ам.долларын хөрөнгийг "Чингис" бондын эх үүсвэрээс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр болсон. Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт чиглэлийн 1800 орчим км төмөр замын суурь бүтцийн техникийн зураг төслийг боловсруулан барилгын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгауулах ажлыг зохион байгуулах, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг гүйцэтгэх зэрэг ажилд дээрх хөрөнгийг зарцуулахаар төлөвлөжээ.

.

Хурдны зам

Нийслэлийн автозамын 33 уулзварыг шинэчлэх, Туул, Сэлбэ голын даланг дагуулан барих хурдны зам барихад  279,2 тэрбум төгрөг буюу 200 сая ам,доллар зарцуулна. Эхний ээлжинд хотын төв хэсэгт бөглөрөл түгжрэл үүсгэдэг 33 замын Т хэлбэрийн уулзварыг барина. Мөн Туул, Сэлбэ голын даланг дагуулан нэг захаас нөгөөд хүртэл босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны хоёр замын ажлыг эхлүүлнэ. Энэ ажлыг эхлүүлэхэд эхний ээлжинд дээрх хэмжээний хөрөнгийг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх юм.

.

Цахилгаан станц

Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн 300 Мвт хүчин чадалтай цахилгаан станц  барих. Энэ төсөлд 69.8 тэрбум төгрөг буюу 50 сая ам.доллар зарцуулах болжээ. Ийнхүү дээрх төслүүдэд нийт 1,293,2 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Харин үлдсэн 800.9 тэрбум төгрөгийг ямар төсөлд зарцуулах нь тодорхойгүй байгаа юм.

Гэхдээ дараа дараагийн олон төсөл яригдаж байна. Олон жижиг төсөлд тарааж өгөх нь ашигтай гэсэн санал байгаа. Гэхдээ Чингис бонд өөрөө тодорхой зорилгынхоо дагуу эдийн засгийн том төслүүдэд ийнхүү зориулагдаж эхэлсэн талаар Сангийн сайд хэлж байсан.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huiikj:
ardiin namiin luivarchidiig bodvol arai naashtai ajillaj baigaa zasgiin gazraa yalihgui yuman deer oochlohoo bolimoor baina.
2013-04-24
xaxa:
tsomiin tsahilgaan stants bas hoshuu
2013-04-23
толгой:
морь унасан толгойгүй хүмүүс
2013-04-23
wqertyuio:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, ХҮРЭН НҮҮРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ " МОНЭКО" КОМПАНИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА??? ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ??
2013-04-23