
“Тэмүүлэнбаатар” компанийн долоон давхар орон сууцанд захиалга өгсөн иргэд өнөөдөр мэдээлэл хийж, төр засгаас хохирлоо нэхэмжилнэ гэдгээ хэллээ. Учир нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/601, А/688 тоот захирамжаар тус орон сууцны барилгыг нураахаар шийдвэрлэсэн билээ. Тиймээс тус байранд захиалга өгсөн иргэд ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа юм. Захиалга өгсөн иргэдийн 16 нь банкны зээлээр, 12 нь хашаа байшингаа зарж, 19 нь гадаад улсад ажиллаж олсон мөнгөөрөө, 16 нь цалингийн зээлээр, тав нь хувь хүнээс мөнгө зээлж, хоёр хүн эцэг эхийн тусламжаар, долоон хүн өөрийн бий болгосон хуримтлалын мөнгөөр байрны урьдчилгаа төлбөр болон бүтэн төлбөрөө хийжээ.
Гэтэл энэхүү орон сууцыг барьж байх явцад Нийслэлийн засаг даргын 2012 оны тавдугаар сарын 5-ны А/601 захирамжийн дагуу барилгын үйл ажиллагааг түр зогсоосон. Тухайн үед Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл уг орон сууцанд гарч байгаа зөрчил нь хууль хяналтынхан болон төрийн албан тушаалтнууд ажилдаа хайнга хандснаас болсон. Үүнээс болж иргэд хохирч байна. Энэ хохирлыг төр хариуцна гэж амалж байсан тухай оршин суугчид ярьсан юм.
Гэтэл өнөөдрийн байдлаар Засаг дарга болоод төрийн эрх бүхий байгууллагууд иргэдийг хохиролгүй болгох ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа гэлээ.
Түүгээр ч зогсохгүй захиалсан байрных нь үйл ажиллагааг зогсоосноос болоод хэсэг захиалагчид нь жагсаал цуглаан хийх үеэр нэгэн эмэгтэйн зүрх нь хаагдаж нас барсан талаар мэдээлэл хийсэн иргэд хэлсэн юм. Банкнаас их хэмжээний зээл авсан уг эмэгтэйд уг шийдвэр хүнд туссан болохоор амиа алдсан гэдгийг гэлээ.
Тиймээс олон иргэдийг хохироож байгаа энэхүү асуудлыг даруй шийдэж өгөхийг тэд төр засгаас хүслээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ