
Замбалгаравын Жадамбаагийн “Бүдэг улаан од” роман хэвлэгдэн гарчээ. Далд ертөнцийн нууц бүхнийг ил болгох зохиолчийн сэтгэлийн учиг хөвөрсөөр энэхүү ном бүтсэн түүхтэй ч гэнэ. Монголд бурхан багшийн, Далай ламын англи хэл дээрх сургаалийг орчуулсан гуравхан хүн байдгийн нэг нь энэ эрхэм. Харин үүнийгээ их л даруухнаар “Би амьдралдаа хоёрхон удаа нийтлэл бичсэн. Тэгээд л хэдий эмч хэрнээ утга зохиол гэдэг ертөнц рүү хальтарч орсон доо” гэх.
Түүний “Бүдэг улаан од” романы тухай төрийн шагналт, ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн хэлэхдээ “Далд ертөнц, дотоод сэтгэлийн гайхамшигт хүчин чадлыг мөнх хөх тэнгэр бидэнд харамгүй хайрласны үр шим, адал явдал, ер бусын тохиолдолуудыг эндээс унших хувьтай ажээ. “Бүдэг улаан од”-ны туяанд гэгээрье" гэлээ.
З.Жадамбаа нь Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд мэндэлжээ. Түүний “Бүдэг улаан од” роман нь тайлагдашгүй оньсого, байж болшгүйд тооцогдож асан олон үйл явдал, үзэгдэлийг тайлан илчлэхэд оршсон аж.
Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй МУ-ын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, АНУ-ын намтар судлалын хүрээлэнгийн 2000 оны Мянганы алтан медалийн шагналт, НҮБ-ын Ази номхон далайн нийгэм, Эдийн засгийн комисст суух ДЭМБ-ын төлөөлөгчөөр олон жил ажилласан аж. З.Жадамбаа нь эрүүл мэндийн салбараас гадна утга зохиолын ертөнцөөс тусгаар байж чадахгүй гэдгээ батлах мэт утга уянгын 80 гаруй бүтээлээрээ харуулж яваа нэгэн юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ