Доржсүрэнгийн Отгонцагаан хэмээх эгэл даруухан энэ бүсгүйн шүлэг цаанаа л нэг чамин. Яруу найрагч хүнд байх эрхэм нандин чанар бүхэн түүнд бий. Энэ бүсгүйгээс хүнлэг, нинжин сэтгэлийг ч мэдэрч болно. Харин шүлгээс нь хааяа гуниг амтагдах шиг болдог нь авьяасыг нь улам ч тодотгож байх шиг. Түүнтэй хийсэн энгийн сайхан яриаг уншигч танд хүргэж байна.
-“Би цэнхэр өнгөнд дуртай” хэмээн дунд сургуульд байхдаа хөөрхөн шүлэг уншиж байсныг тань тод санадаг юм. Одоогоос 10 гаруй жилийн өмнө байна шүү?
-Тийм ээ. Би Сэлэнгэ аймгийн II сургуулийг дүүргэсэн. Тэр үед хүүхдүүдийн дунд жилд нэг удаа улсын “Хүрэл тулга” уралдаан болдог байлаа. Хожим бодох нь ээ, тэндээс л сэтгүүлч болох хүсэл мөрөөдөл өвөртөлж холын тэнгэрт ниссэн шиг байгаа юм.
-Р.Чойномын нэрэмжит “Сүмтэй будрын чулуу” наадамд хол тасархай түрүүлж байсан тэр шүлгийнхээ тухай болон тус наадмын талаар яриач?
-Оюутан байхдаа энд тэнд зохион байгуулагдаж байсан олон тэмцээн уралдаан хэсээд л бүгдээрээ оролцоод явдаг байсан. Оюутан цагийн сайхан дурсамж дүүрэн бий. Тайзан дээр шүлэг бичүүлээд тэр шүлгээр нь шалгаруулж байсан санагдаж байна. Чойном тухайн цаг үедээ адлагдаж явсан ч одоо түүний сэтгэлгээний цараа ихтэй бүтээлүүд уншигдсаар, шүүмжлэгдэж яригдсаар байна. Утга зохиол, жинхэнэ уран зохиолын чанар гэж энэ юм болов уу гэж боддог. Л.Өлзийтөгсийн цагаан номыг би унших дуртай байсан юм, одоо ч дуртай. Тэр номыг уншаад бичсэн шүлэг л дээ.
“...Өлзийтөгсийг дэрлээд
Өдөржин хэвтэв ...” гэж эхэлдэг шүлэг байдаг юм. Тэгтэл шүүгчээр сууж байсан Б.Галсансүх түс хийтэл инээд алдаж билээ. Би яасан юм бол гэж тухайн үед бодоод сандрахдаа ахиад эхнээс нь уншиж байсан дурсамж санаанаас гардаггүй. Сонин санагдаад л илэрхийлсэн үйлдэл болов уу гэж боддог юм.
-Өгөөж баян Сэлэнгэ нутгийн охин сүүлийн үед уран бүтээлийн арвин олзтой явна уу?
- Шүлэг оролддог хааяахан хөнгөн гунигладаг хэвээрээ. Үргэлжилсэн үг сонирхож оролддог байсан. Хэвлэн нийтлээд гаргасан зүйл ховор ч, бичихээс уйдах биш дээ бичсээр л байгаа. Бичсээр ч байх л болов уу даа.
Хавар цаг юм даг. Өвөрхангай аймгийн Хархоринд ажлаар явж байсан юм. Утас дуугараад авлаа. Тэгсэн манай Г.Сүхзориг ах байна. Баяр хүргэе гэж байна. Юунд гэсэн чинь “Эрдэнийн эрхи” өгүүллэгийн наадамд өгүүллэг чинь түрүүллээ. Гэтэл зарлаад шагналаа авахгүй юм байхдаа гэтэл чи бүр хөдөө явж байдаг. Юутай ч хотод ирээд Зохиолчдын хорооноос ирж шагналаа аваарай гэж байна. Баярласан гэж, хүүхэд ч байсан юм чинь. Бидэнд үргэлжилсэн үгийн хичээл Ц.Түмэнбаяр багш ордог байсан юм. Чамбай "чанга" гол нь их торгон мэдрэмжтэй хүнээр хичээл заалгаж байсандаа жаахан жуухан юм сурсан юм уу даа. Дараа нь Ж.Пүрэв гуай “Чи М.Цэдэндоржийн амьдралыг өгүүллэгтээ тусгажээ” гэсэн. Нэг цаг үед амьдарч, найзалж нөхөрлөж явсан том хүнээс тийм үг сонсох л хамгийн том шагнал байсан. М.Цэдэндоржийн цэцэрлэгийн тухай бодохоор сайхан дурсамж дахиад л сэргээд ирж байна. “Орших цэг” нэртэй өгүүллэг байдаг юм. Бидний үеийнхэн бол М.Цэдэндоржийн цэцэрлэгийг сайн мэднэ дээ. Анх тэнд очоод л төрсөн сэтгэгдэлээс үүдэн бичсэн юм. Дараа нь дүрсжүүлээд энд тэнд ТВ радиогоор уншигдаад гараад л байдаг юм.
-“Болор цом” наадамд олон жил зодоглож өвдөг шороодсон хүний нэг та. Энэ наадмын талаар бодлоо хуваалцаач?
-Тайзан дээр хүндэтгэлийн байдлаар бус уралдааны байдлаар марш команд авсан төрхтэй шүлэг унших нь их л сонин санагддаг болсон цагаас хойш уралдаанд оролцох гэж шүлэг өгөөгүй удаж байна. Ер нь би хэнээр өөрийнхөө өврийг, тархи толгойг нэгжүүлж дүгнүүлэх билээ гэдгээ мэддэг болсон үе юм даа. Яруу найргийг шимтэн уншдаг уншигч зохиогчдын баяр гэхээсээ илүү нэг л шоу маягийн болоод байх шиг. Олон жил энэ хорвоод амьдарсан ч биш хүмүүсийн хийж бүтээж байгааг шүүмжлэхийг нэг л хүсэхгүй байна. Гэхдээ л тийм намуухнаар эсвэл тийм чимээгүйгээр зүрхэнд уншигдах үгс тайзан дээр олны дунд бүр тачигнасан алга ташилтын дор орилох маягтай уншигдана гэхээр би лав сонсож ч тэсэхгүй юм билээ. Гэхдээ “Болор цом” сайн шүлгүүд төрүүлсээр л байгаа. Энэ жил Л.Ганзулын “Гоо үзэсгэлэн” гэдэг шүлгийг сонсоод бараг л зүрх уйлж хааяахан хөндүүрлэж байсан гэдгийг чангахан шиг хэлчихмээр л байна.
-Унасан бөх ууртай гэдэг шиг юм яриад байна уу даа?
- Үгүй л дээ. Би айхтар давж үзээгүй хүн. Гол нь энэ наадмын утга учир, үнэ цэнэ алдагдаад байхад ахиад л бахь байдгаар нь зохион байгуулаад тэрүүгээр нь цоллож морь бөх шиг уралдаж уралцаж гүйлдээд байгаа байдал нь л юм. Тэрнээс сайхан шүлгүүд төрсөн нь үнэн үү, үнэн. Шүүж, цоллоод байгаа нь тэгж санагддаг. Тэгээд ч үзэгч, уншигчид хамгийн мэргэн улс даа. Тэрний тэр шүлэг л сайхан байлаа гээд хэлэлцээд яригдаад байгаа биз дээ. Тэрнээс унаж босохын тухайд энэ нь нэг “Болор цом” нэртэй наадмаар хязгаарлагдах бус цаг хугацааны шалгуур, сэтгэлгээний цар хүрээний асуудал гэж би ойлгож байна.
-Үрийнхээ алтан зулайг үнэрлэх нь эх хүний дээд жаргал гэдэг. Ээж болоод шүлгийн тань ертөнцөд өөрчлөлт гарсан уу?
- Гарсан. Илүү дотогшоогоо болсон юм байна.
-Танаас н.Өлзийтөгс шиг тийм гэгээн чадалтай шүлэг мэдрэгддэг. Нууц нь юундаа байна?
- Нууц аа. Хүн бүр өөрийн гэсэн бий болгосон дотоод ертөнцөд амьдардаг. Урласан урландаа амьдардаг байх. Би тэгж боддог, тэгж амьдардаг. Магадгүй хийсвэрлэлгүй дотор байгаа ертөнцөө ил гаргаж, чармай нүцгэлж чаддаг ганц газар нь тэр дотоод ертөнц л байх даа. Тэнд дэндүү эрх чөлөөтэй хэрнээ бас дэндүү хязгаарлагдмал оршиж чаддаг. Уран бүтээлч хүн бүрт тэр ертөнц нь үргэлж нээлттэй байдаг. Магадгүй тэр утгаараа чамд тийм нэг сэтгэгдэл үлдсэн юм байлгүй. Тэрнээс энэ миний дүгнэх асуудал биш.
-Анхны ном тань “Шат”. Хэзээ дүүтэй болох вэ?
-Харин тийм, их л олон жил бодож байна. Ном гаргасандаа тухайн үед их догдолж байсан санагддаг. МЗЭ-ээс зарласан анхны уралдаанд оролцоод анхны 10 номонд шалгараад хэвлэгдэж байсан юм. Нэг ном болох дайны шүлгүүд, богино өгүүллүүд байгаад л байгаа юм. “Бороон дундах нисэлт” гэсэн нэр хүртэл өгчихөөд л байгаа. Номын дэлгүүрт нэг их өнгө үзэмжгүй саарал хавтастай ч юм уу, нэг иймэрхүү нэр харагдвал дараагийн ном нь гарч дээ гэж бодоорой. Харин одоогоор хэзээ ном гаргах вэ гээд л өөрөө өөртэйгөө зөрчилдөөд л явна. Магадгүй хэдхэн хоногийн дараа эсвэл хэдэн жилийн дараа, бүр огт гарахгүй ч юм билүү би сайн хэлж мэдэхгүй юм байна.
-Та одоо телевизийн хүн болохоор бүрмөсөн шийдсэн хэрэг үү?
- Энэ салбарт ажиллаж л байна. Тариа яаж таридгийг, талх яаж барьдгийг хүүдээ зааж өгчихөөд үхэх юмсан гэж сайхан хэлсэн байгаа биз. Энэ Г.Нэргүй ахын шүлэг л дээ. Түүн шиг энэ салбарт тариагаа ч тарина, талхаа ч барина. Тэгээд ээж нь хөдөлмөр шингэсэн шинэхэн талхаараа охиноо ундална гэж боддог доо. Чи шинэхэн талхны үнэрт дуртай биз дээ. Сайхан тийм ээ.
-Оюутан ахуй цагаа эргэн нэг дурсвал сонин байх болов уу?
-Манай анги газар тэнгэр шиг эсвэл их л холын хоёр уул шиг хоёр бандитай бужигнасан олон охинтой анги байлаа. Би гэж нэг их гэгэлзсэн охин цонхоор харах дуртай. Бороо орсон өдөр бол хичээл дээрээ сууж байж, ухаан санаа минь гадаах бороотой л хамт байдаг байсан. Оюутан цагийн сайхан дурсамж олон доо олон. Арын ханаараа дүүрэн номтой өргөөнд уран зохиол гэж юу болохыг судлах гэж анх оюутан болж орж байлаа. Харин сурах судлах биш бүр мэдрээд хамгийн ойроос мэдэрдэг болоод төгссөндөө би хязгааргүй баярладаг юм. Тиймдээ ч төгссөн сургуульдаа сэтгэлийн их өртэй хүн шиг санагддаг юм.
-Д.Отгонцагааны ертөнцийг өнгөөр төсөөлбөл?
-Би их олон өнгөөр төсөөлөгдөх байх. Яагаав нөгөө зураач нарт өөрийн гэсэн өнгө байдаг шиг. Г.Мөнхцэцэг бор шаргалаар зурдаг шиг би бол эсрэгээрээ тод саарал, бүдэг зөөлөн, хурц улаан, хар цагаан, зөөлөн шаргал гээд өдөр бүр өөрийгөө сонсож танин ядаж суухад нэг тийм л бодол төрж байна. Тааварлашгүй ч юм уу.
-Та шүлгээ онгодоор бичдэг үү эсвэл бодож бичдэг үү?
- Хааяа гэнэт бичмээр санагдаад гоё шүлгийн мөр ч юм уу, утга учиртай нэг үг санаанд орж ирэхэд учиргүй их баярладаг ш дээ. Гэхдээ бодсон зүйлээ л бичдэг байх аа. Энэ гэхдээ нэг л сонин асуулт шүү. Хүмүүсээс ингэж асуусан байхыг хараад энэ хүний бичсэнийг нь уншчихаад арай өөр юм асуувал зүгээр байж дээ гэж бодогддог байсан юм байна.
-Сүүлийн хормыг танд асуултгүй үлдээе?
- Асуусан зүйлгүй болохоор хариулах юм уу, үг хэлэхэд хэцүү байдаг юм байна ш дээ(инээв). Хавар ирчихлээ дээ. Хавар, намартаа нэг л их хөндүүр чимээ цээжинд мэдрэгдээд байдаг юм.
Би хавар шиг намрын тухай мэднэ
Хачин нам гүмийнх нь тухай мэднэ
Намар шиг хаврын тухайд ч мэднэ
Намайг хэн ч мэдэхгүй тухайд ч мэднэ гэж хэзээ ч билээ дээ бичиж байсан юм байна. Намайг мэдэх гэж миний ертөнц рүү өнгийсөн танд баярлалаа. Гэхдээ хүнийг тэгтлээ их мэддэг болох мэдрэх надад тааламжтай санагдахаа больсон. (инээв)
Түүний яруу найргийн шүлгээс дээжлэн хүргэж байна.
Тэр надтай юу ч ярьдаггүй
Бороотой өдрийн гуниг
Богино даашинзтай охидын
Шүүрс алдам урт
Шилбэний тухайд ч ярьдаггүй
Намрын ууланд авд явдагаа
Наран шингэхэд уулс уулсаа дэрлэж унтдагийг ч
Хамт байгаа хэрнээ тэр юуг ч ярьдаггүй
Эмээгээ зүүдлээд уйлж сэрдэгээ
Эгчмэд бүсгүйд ухаангүй дурласнаа
Нүднийх нь хиргүй
Үснийх нь шулууныг
Нэрмэлд халамцлаа ч тэр юу ч ярьдаггүй
Гэхдээ цээжин дотор нь асар их бухимдал
Асар их ганцаардал
Алгуурхан уусгах химийн бодис мэт хорт сэтгэл
Аглаг цээжний гүнд цохилох нь үл мэдэг сонсогдох зүрх
Аль аль нь харин надад мэдрэгддэг
Захгүй алсыг чимээгүй зоригч тэр хүн
Зай завсаргүй хэзээ ярих юм бол
Гадагшаа ...
Гадагшаа усан нулимс чимээгүй урсавч
Дотогшоо төмөр нулимс тор торхийн унах нь сонстож
Төмрийн хаягдал мэт сэтгэлээ
Тэнгэр мэт дуугарахыг сонсон хэвтэх минь
Жинхэнэ гашуудал.
Өнгөрсөн үеэ би шоолж
Өнгөрсөн үе намайг шоолно.
Өө хүмүүс намайг ганцаараа инээнэ гэж бодно
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ