Хацар жиндүүлсэн өвлийн улирал хэдийнэ ард үлдэж, хаврын урин дулаан өдрүүд айлчлан иржээ. Нийслэлчүүдийн хувьд жил жилийн хаврыг нэг л өнгөөр угтсаар нэлээдгүй удлаа. Хаа сайгүй хийсэж, хөлд тээглэсэн элдэв гялгар уут, хог новшинд гутал хувцсаа бохирдуулж, ааштай хатны шидийг үзүүлэх мэт салхины аясаар босох шороо, тоосноос үс зүс, нүд амаа хамгаалах гэж зовдог гэвэл хилсдэхгүй.
Жил жилийн хаварт нийслэл, дүүргээс хотын өнгө төрхийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ хэмээн хэдэн саяар нь төсөвлөж, хайс хашлага, замын асфальтыг солих, энд тэнд нь будаг түрхэж, мод бут тарьсан болдог. Харамсалтай нь тэр бүхнээ арчилж, торддоггүйгээс хичнээн мод бут хатаж хорчийн, хайс хашлага нь эвдэрч хэмхэрдэг билээ. Ийм л хаврын ажлыг олон жил хийж, үр дүнд нь ногоон байгууламж бараг үлдсэнгүй. Зай завсаргүй тулгаж барьсан барилга, цементэн зам талбай бүхий орчинтой л үлджээ, бид. Сая хүнтэй хотод маань хүүхэд хөгшдийн тухлан суугаад тоглох, амрах талбай ер нь байгаа билүү. Хотод өнгө нэмж байгаа гэх хаврын их ажлыг буруушаасангүй. Ажил хийж байна. Гэхдээ энэ байдал цаашид үргэлжлээд байх юм бол удахгүй засмал зам, цардмал талбай бүхий анхны хот болох биз.
Тиймээс “өнөөдрийн өөхнөөс маргаашийн булчирхай дээр” гэгчээр иймэрхүү бүтээн байгуулалтаас илүүтэй хүүхэд багачуудаа салхилуулж, хөгшид амарч, залуус болздог цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбай хэрэгтэй гэдгийг сануулахыг хүслээ.

Нийслэлчүүдийн нүдэнд илхэн харагдах хамгийн ойрын жишээ Их жанжин Сүхбаатарын талбайн өмнөх ногоон байгууламж. Цагтаа тус талбай гацуур моддоор дүүрч, сүүдэрт нь хүүхэд багачууд тоглон наадаж, цэцгээр гэр барих нь холгүй ногоон байгууламжтай байжээ. Энэ нь тухайн үеийн баримтат болон уран сайхны кинонуудад тодоор дүрслэгдсэн үлдсэн байдаг.
Гэтэл одоо нийслэлийн сөнөж мөхөж буй ногоон байгууламжуудын нэгэн адил үнсэн саарал өнгөтэй, шороо тоос бужигнасан, цэцэрлэгт хүрээлэн гэж хэлэхэд гомдмоор болсон. Харин баасан гаригт Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар хуралд ирэх зочдоос урьтан тус газрыг шинэчлэн засварлаж, ногоон байгууламжийг сэргээж байгаа ч цэцэрлэгжүүлэх бус цементжүүлэх ажлыг хийж байна.
Зөвхөн энэ талбайд засварын ажлаас хийгдэхээс өмнө 10 гаруй гацуур, 30 гаруй улиас, хайлаас, 50 гаруй бут сөөг байсан.

Хоёр жилийн өмнө Сүхбаатарын талбайн зүүн талын замыг засварлаж, шинээр уулзвар барих ажил хийгдэхээс өмнө үүнээс ч олон тооны мододтой байсан. Харамсалтай нь манайхан бүтээн байгуулалт нэрээр сөнөөх ажлыг давхар амжуулдаг зуршлаараа энэхүү ногоон байгууламжийн зүүн хэсгийн моддыг уг үндсээр булга татаж, тайрч хөрөөдөөд хайр гамгүй хандаж байсныг уншигч та ч мартаагүй биз.

2006 оны хоёрдугаар сард нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр “Ч.Орхон захиралтай “Ю Би констракшн” ХХК-д Сүхбаатарын хөшөөний урд талын цэцэрлэг бүхий 2,5 га газрыг олгосугай” гэсэн захирамжийг гаргасан гэдэг. Тухайн үед улсын мэдлийн газрыг хувьд дур мэдэн шилжүүлсэн хотын экс даргын асуудал багагүй шуугиан дэгдээсэн. Нийтийн эзэмшлийн зам талбайг дур мэдэн бусдад шилжүүлсэн үйлдлийг нь зөвтгөх аргагүй. Тухайн үед хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан, хотын дарга асан Г.Мөнхбаяр энэ асуудлыг мэддэг гэх яриа ч байдаг. “Ю Би констракшн” компани ердөө 82 сая төгрөгийг хотын төсөвт оруулан дээрх талбайд “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан усан оргилуур бүхий үйлчилгээний төв байгуулна” гэж тохирч байжээ. Тэд тухайн үед уг талбайг худалдаж авсан ч тохижилтын ажлыг хийж амжаагүй явтал экс дарга нарын хууль зөрчсөн үйлдэл олон нийтэд ил болсоноор уг зураг төсөл зөвхөн цаасан дээр л үлдсэнийг доорхи зурагнаас харж болно.

Цаасан дээр үлдсэн бүтээн байгуулалт ч гэлээ нийслэлчүүдэд агаар ус шиг хэрэгтэй талбай бий болох байж. Гэвч хувийн өмчдөө шилжүүлсэн гэх “Ю Би констракшн” компани огт гар хүрч өөд нь таталгүй тэр хэвээр нь хаяж орхисон. Харин ч “Ю Би констракшн” гэдэг компани Сүхбаатарын талбайн урд хэсэг, хонхтой цэцэрлэгийг Худалдаа хөгжлийн банкины зээлийн барьцаанд тавьсан нь үнэн, цаана нь Хятадын компани бий гэх яриа тухайн үед дуулдаж байв. “Энхтайваны хонх”-ны ойролцоо шатар тоглодог хөгшчүүл “Энэ цэцэрлэгийн модыг нэг нэгээр нь сэм суга татаад байгаа юм. Ямар учиртайг нь бүү мэд. Нэг л өдөр Хүүхдийн парк шиг хашаагаар хүрээлээд авчихна биз. Цагдаа нар биднийг байнга л хөөж байдаг юм” гэх өвгөдийн яриа чих дэлсэж байлаа.
Тиймдээ ч уг цэцэрлэгт хүрээлэн 90 оноос өмнөх дүр төрхөө гээж мөнгөтэй, эрх мэдэлтэй нөхдийн зугаа болон хашлага нь эвдэрч, модод нь жилээс жилд цөөрсөөр хотын хаа нэгтээ айлын хашаанд доорхи зурагт харагдаж байгаа шиг устгалд орсон байхыг үгүйсгэх аргагүй.

Хэдийгээр нийтийн эзэмшлийн зам талбай, төрийн мэдэлд байх нь зүй ёсных ч хотын маань төв талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэн тун удахгүй доор харагдах зураг төслийн дагуу өөрчлөгдөх гэнэ. Шороо бужигнаж, хог хийсээд байхгүй, хашлага хайсыг шинэчлэн явган хүний зорчих хэсгийг сайжруулж байгаа ч ногоон зүлэг, цемент арав хүрэхгүй шахам хэдхэн модод л үлдэх нь.

Их хотын бүтээн байгуулалтыг эсэргүүцэх гэсэнгүй. Гэхдээ өвөлдөө утаанд, хавартаа шороонд даруулдаг нийслэлчүүдэд цэвэр агаар бэлэглэж, хотын өнгө төрхийг сэргээх чадалтай мод, бут, цэцэрлэгт хүрээлэн та бидний нүдний өмнө улам бүр багассаар байгаад үнэхээр харамсаж байна. Дэлхийн улс орнууд байгаль дэлхийгээ хайрлаж, эко амьдралын хэмнэлийг дэмжиж байна. Үүний нэгэн жишээ бол энэ сарын 20-ны өдөр БНСУ-ын Чоннам аймгийн Чүнчон хотод олон цэцгийн болон цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэн нээлтээ хийсэн. Тус үзэсгэлэнд дэлхийн 11 орон 111210 ㎡ талбайд 23 баг болон хуваагдаж, цэцгийн мандал, цэцэрлэгт хүрээлэн ямар байдгийг харуулж байна.

Далайн чийглэг уур амьсгалтай газар өвс ногоо, ургамал илүү сайн ургах нь мэдээж. Гэхдээ монголын нөхцөлд тохирсон мод бутыг сонгон тарьж, нийслэлийн иргэн бүр өөрийн амьсгалах, амьдрах орчинг сайжруулахын төлөө хичээх ёстой. Гэтэл ногоон байгууламж гэдэг агаар цэвэршүүлж, тоос шорооний 30-70 хүртэлх хувийг өөртөө барьж, утаа униарын 40 хүртэлх хувийг өөртөө шингээж, хот суурин газарт амьдарч буй иргэдийн стресс, ядаргааг үгүй хийж тайвшруулах үйлчилгээтэй. Зарим нэг төрлийн шилмүүст мод нь агаар дахь хортой элемэнтүүд, түүний дотор өвчин үүсгэгч бактеруудыг үгүй хийдэг нь нэгэнт батлагдсан.
20 жилийн өмнөх ногоон байгууламжийг дахин бүтээн байгуулах боломжгүй ч өнөөдрөөс эхлэн нийслэлийн удирдлагууд, иргэд аж ахуйн нэгж, иргэд цөм их хотынхоо нийслэлийн ногоон байгууламжийг аварья. НИТХ-ын 1999 оны 57-р тогтоолоор ”Нийслэлийн ногоон бүсийн ашиглалтын журам”-ыг баталсан байдаг. Уг журамд зааснаар “Ногоон байгууламжийг устган барилга байгууламж барих бол нийслэлийн ногоон байгууламжийн санд нөхөн төлбөр төлж, тухайн байршилд баригдсан барилгын 30 хувьд нь цэцэрлэгжүүлэлт хийх ёстой” гэжээ. Уг журмын дагуу нийслэлийн ногоон байгууламжийн санд хуримтлагдсан мөнгөөр цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажил хийгдэх ёстой ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хуримтлагдаагүй гэнэ. Гэтэл нийслэл хотод ногоон байгууламжыг устган хэдэн барилга баригдаж байгаа билээ. Томхон харагдсан зай талбайг ашиглан барилга байшин барьж, 30 хувийг цэцэрлэгжүүлэлт хийх бус цементжүүлж, автомашины зогсоол болгож байгаа нь нууц биш. Зүгээр нэг цаасан дээр үлдэх зураг төсөл, өнгөлгөөний хавтан, өнгийн будаг, хашаа хайс, зүлэгнээс татгалзах цаг нь болсон.




Бидэнд ийм бүтээн байгуулалт хэрэггүй. Намчирхаж, улс төржих ч гэсэнгүй. Өнгөрсөн 20 жилд нийслэлийн бодлого барьсан эрхмүүдийн хэнэггүй, сэтгэлгүй байдлаас гарсан үр дүн энэ. Уг нь хотын төвд орших Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн шиг ая тухтай амарч тухлах газар хуруу дарам цөөхөн бий л дээ. Гэвч хотын захын хаусанд амьдардаг эрхэмүүдийн хашаа үүнээс ч илүү тохижилттой байдаг нь нууц биш. Иймд эх орныхоо нийслэл Улаанбаатар хотоор бахархаж, хотын гудамжаар сэтгэл тэнүүн алхах боломжтой, хүүхэд багачууд хөгжилдсөн цементэн бус цэцэгт талбай бидэнд хэрэгтэй байна.



Дэлхийн улс орнуудын хөгжил дэвшлийн нэгээхэн хэсэг нь яах аргагүй иргэдийн ая тухтай байдал. Их хотын иргэд та бид, бидний үр хүүхэд дэлхийд алдартай Сан-Францискогийн "Lombard street", Парисын "Елисейн талбай" шиг нүд баясаж, сэтгэл сэргээсэн гудамж талбайтай Улаанбаатар хотоороо бахархдаг байгаасай. Улаанбаатар хотыг зөв төлөвлөж, бүтээн байгуулалт, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг хамтад нь шийдэж чадвал, нийслэлчүүд орчноо бохирдуулдаг элдэв үйлдлээ хянаж, хайрлаж хамгаалдаг болох нь гарцаагүй үнэн. Тиймээс энэ сэдвээр үргэлжлүүлэн мэдээлж, хаана ямар цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж байсан, одоо ямар байгаа, тохижилтод хэдэн төгрөг төсөвлөж, хэр үр дүнтэй байгаа зэргийг цувралаар хүргэх болно.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ