Төрийн өмчит 18 компанийг хувьчилна
Монгол Улсын Засгийн газар 2025–2028 онд төрийн өмчийг хувьчлах, төрийн өмчит компаниудын хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжих бодлогын томоохон алхмыг эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ нь зүгээр нэг хувьцаа зарах асуудал бус, төр эдийн засагт хэт гүн оролцсоны сөрөг үр дагаврыг засах, зах зээлийн зарчмыг бодитоор хэрэгжүүлэх оролдлого юм.
Сүүлийн 30 гаруй жилд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн ч төр бизнесийн хамгийн том тоглогч хэвээр үлдсэн. Өнөөдөр төрийн өмчит 100 гаруй компани, үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн гол салбаруудыг дангаар эзэлж байна. Төрд хэт их өмч төвлөрснөөр ашиггүй, үр ашиг муутай менежмент, улс төрийн томилгоо, авлига, ашиг сонирхлын зөрчил, алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр нөхдөг тогтолцоо, хувийн хэвшлийг шахан гаргах, өрсөлдөөнийг үгүй хийх, ил тод бус санхүү, хариуцлагагүй удирдлага гээд сул талууд дэндүү их. Төрийн өмчит олон компани олон арван жил алдагдалтай ажиллаж, түүнийг нь иргэдийн татвараар нөхөж ирсэн нь бодлогын том алдаа байлаа.
Засгийн газраас өргөн мэдүүлж буй “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025–2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-д:
- Агаарын тээвэр
- Эрчим хүч
- Уул уурхай
- Санхүү, даатгал
- Худалдаа, бирж зэрэг салбарын төрийн өмчит 18 компанийн 10–66 хүртэлх хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компани болгохоор тусгасан байна.
Мөн төрийн өмчит 8 компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, 7 компанийг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх, Цаашид 6 компанийн тодорхой хувийг, 5 компанийн 100 хувийг нэмж хувьчлахаар төлөвлөжээ. Үүний үр дүнд 100 хувь төрийн өмчит компанийн тоо огцом буурна, нээлттэй хувьцаат компанийн тоо нэмэгдэнэ, төрийн өмчит компаниудын нийт тоо 19-өөр буюу 18.8 хувиар буурч, 82 болно гэж харжээ.
Дараах томоохон төрийн өмчит компаниудын хувьцааг нэмж гарган олон нийтэд санал болгохоор тусгажээ.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
- “МИАТ” ТӨХК
- “Төрийн банк” ХК
- “Монголын хөрөнгийн бирж” ХК
- “Үндэсний давхар даатгал” ХК
- “Шивээ овоо”, “Багануур” ХК
- Дулааны III, IV цахилгаан станцууд
- Дархан, Эрдэнэт, Амгалангийн дулааны станцууд
- Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эдгээр компани олон нийтийн хяналтад орсноор санхүүгийн тайлан ил тод болно, зах зээлийн сахилга бат бий болно, улс төрийн нөлөө багасаж, ашиг, үр ашиг нэн тэргүүнд тавигдана.
Хувьчлалын гол зорилго нь баялгийг цөөн хүнд биш, олон нийтэд эзэмшүүлэх явдал. Хөрөнгийн биржээр дамжуулсан нээлттэй хувьчлал нь иргэд хөрөнгө оруулалт хийх боломжтой, тэтгэврийн сан, даатгалын сан бодит өгөөж хүртэх, үндэсний хөрөнгийн зах зээл тэлнэ гэж Засгийн газраас үзэж байна.
Төрд хэт их хөрөнгө байх нь хөгжлийн биш, гацааны эх үүсвэр болдгийг өнгөрсөн жилүүд хангалттай харуулсан. Одоо харин төр зохицуулагч, бодлого тодорхойлогч байж, бизнесийг зах зээлд нь үлдээх цаг иржээ. Гэхдээ Засгийн газар зорьсноо шударга, бодитой болгож чадвал.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ