
Цаг үеэсээ түрүүлж төрсөн гэгдэж уран бүтээл, шүлэг найраглалаараа монгол түмний сэтгэл зүрхэн өнөөдөр ч мөнхөд оршиж яваа их хүмүүн бол Төрийн шагналт яруу найрагч Ринчений Чойном.
Түүний үнэн атлаа хатуухан үгтэй уран бүтээл, шүлэг найраглал, задгай чөлөөт сэтгэлгээ, тухайн үеийн нийгмийн амьдралд шүүмжлэлтэй ханддаг зэрэг нь тухайн үедээ төрийн томчуудын үзэл бодолтой зөрчилдөн, хэлмэгдүүлэлтэд өртөн нутаг заагдаж байсан юм.
1990 оны 4 дүгээр сарын 26-нд болсон МонголУлсын Дээд шүүхийн бүгд хурлаар Р.Чойномд холбогдох хэргийг дахин хянан хэлэлцээд түүнд “эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон шүлгүүд нь агуулгын хувьд дутагдалтай байсан нь үнэн боловч түүгээрээ БНМАУ-ын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилготой байсан, төрийн эсрэг чиглэсэн гэх үндэсгүй бөгөөд зориуд бэлтгэж тараасан баримт алга байна. Иймд 1961 оны эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн “а” ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн явдал буруу болжээ”гэсэн дүгнэлт хийж Р.Чойномыг нэхэн цагаатгасан юм.
Тэгвэл энэ сарын 26-ны өдөр Р.Чойномын нэрэмжит "Өд сан"-гийн 10 жилийн ой тохиох аж. Тус сан нь Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын өвийг хамгаалах, уран бүтээлийг нь судлах, алдаршуулах зорилгоор байгуулагдсан гэнэ. Өнгөрсөн хугацаанд нэрт найрагчийн олонд хүрээгүй шүлэг, найраглал, бүтээлүүдийг нь хэвлэх, өвийг нь цуглуулах зэрэг олон ажлыг санаачлан хийжээ. “Өд” сан байгуулагдсан энэ өдөр Р.Чойном найрагчийн цагаадсан өдөр байж таарсан нь санамсаргүй тохиолдол боловч их найрагчийн гэгээн дурсгалыг хүндэтгэх утга учрыг давхар агуулж байгаагаараа онцлог гэнэ.
Р.Чойном "Бяцхан сургаал"
Хүн болж төрсний учир чи
Хүн бvхнийг хүндэлж яв.
Хүнээс хүчтэй амьтан энэ ертөнцөд үгvйн учир
Хүнээс чи айж болгоомжилж яв.
Буруу биш зөв сэтгэлтэй явбал
Бурхан биш хүн чамайг аварна.
Булзаж мэхэлж хорон санаатай явбал чинь
Буг биш хүн чамайг ална.
Цэцэн ч бай тэнэг ч бай хүний сэтгэл
Цэцэглэн ургахдаа амархан хүчит хөрс юм.
Хэрвээ чи өөрт хэрэггүй зүйлээр ч гэсэн
Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол
Тэр хүний сэтгэлд чиний төлөө цэцэрлэг ургаж
Тэртээ хожим чи үр шимийг нь амсах болно.
Алив бүхэн ганцхан өдрөөр дуусдаггvй
Аавын хүүтэй ганцхан уулзаад өнгөрдөггvй
Амьдралын олон давааны чухам ямархан оройд
Азтай буюу эзтэй тааралдахыг мэдэхэд бэрх
Зурвасхан тохиолыг үүрд үл мартан
Зуун жилийн хойно ч гаргаж ирж болно
Аар саархан юманд үл хайхран
Аягүй нэгэн ул мөр хүний сэтгэлд үлдээвэл
Он жилийн уртад тэр чиний эсрэг
Ой хөвч болтлоо ургасаар явна
Ярвагар явахдаа хэрхсэнээ чи мартан
Ядрах нэгэн өдрөө тэр ойд орно
Гарах газаргүй хорт ширэнгэнд мухардаж
Гашуун бэрх шийтгэлийг хожимдсон хойноо амсана
Хөрөнгө зөөр нэр алдар албан тушаал
Хөгшдийн буян залуугийн тэнхээ найз нөхөд
Аль нь ч гэсэн өнөө байвч, маргааш хоосон
Алга дарамхан улаан нүүр л хэзээ ч хэвээр
Дайсан нөхөр хоёрын аль нь ч гэсэн
Дандаа уншиж явах амьд хуудас
Yхэн үхтэл гагцхүү чиний нүүр мөн
Yүний учир тэр хуудсанд инээмсэглэлээс өөр юм бүү бич
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ