Манай тамирчид Азийн наадмаас 5 медальтай ирэв
2010-12-29

Гуанжоу-2010 Азийн паралимпийн зуны 10-р наадамд саяхан болж өнгөрсөн. Энэ наадамд манай улсаас 56 хүний бүрэлдэхүүнтэй баг урд хөршийг зорьж спортын 6 төрөлд 36 тамирчин өрсөлдөн хурд хүчээ сорьсон юм. Парагийн тамирчид энэ наадмаас 5 медальтай ирснээс хөнгөн атлетикийн төрөлд нэг, жудо бөхийн төрөлд 4 нийт 5 медаль хүртжээ. Мөн пара буудлага спортын хийн гар бууны 10 м-ийн дасгалд “Чампион” клубын тамирчин Лхамсүрэн нормативаа биелүүлж ирэх олимпийн эрхээ авсан байна. Баг тамирчдыг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч баяр хүргэсэн юм. Паралимпийн хөнгөн атлетикийн 800 метрт Г.Мөнхбат хүрэл медаль хүртжээ.

Харин жудо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд П.Болортуяа хүрэл медалийн хүртэн энэ наадмын медалийн анхны салхийг хагалсан бол жудо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-д М.Очирхуяг, 90 кг-д Д.Ганбат мөнгө, 100 кг-д А.Мөнхбат мөнгөн медаль хүртсэн юм. Энэ удаагийн Паралимпийн Азийн 10-р наадамд Азийн 41 орны 3983 тамирчин 1008 багц медалийн төлөө спортын 19 төрөлд өрсөлджээ. Пара жудо бөхийн тамирчид ирэх олимпийн эрхээ авах үүдээ нээсэн. Цаашлаад ирэх 2011 онд энэ олимпийн эрхээ баталгаажуулах ёстой. Харин бэлтгэл сургуулилтаа сайн базааж олимпийн эрхээ олон тамирчин авах хэрэгтэйг холбогдох албаны хүмүүс хэлж байлаа. Дашрамд дуулгахад энэ наадмын пара пауэрлифтингийн төрөлд анх удаа өрсөлдсөн хоёр тамирчны +100 кг-д хүч чадлаа сорьсон Ганбаатар шагналт 8-р байранд шалгарчээ.

А.Алтанчимэг
Shuud.mn
Сонин хачин