
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хамтын ажиллагааны хүрээний асуудлаархи Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн яамдын зөвлөлдөх уулзалт энэ сарын 22-23-ны өдрүүдэд Москва хотноо боллоо.
Зөвлөлдөх уулзалтад 2 талын төлөөлөгчдийг Монгол Улсын ГХЯ-ны Хөрш орнуудын газар (ХөОГ)-ын захирал Т.Төгсбилгүүн, ОХУ-ын ГХЯ-ны Ази-номхон далайн хамтын ажиллагааны газрын захирал Б.М.Хакимов нар тэргүүлж оролцлоо. Зөвлөлдөх уулзалтаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд явуулж байгаа, үүний дотор ОХУ, Монгол Улсын оролцооны өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлж, цаашдын үйл ажиллагааны чиглэлээр санал солилцож ярилцлаа.
Монгол Улс ШХАБ-д 2004 оноос ажиглагч гишүүнээр элссэн ба өнгөрсөн хугацаанд тус байгууллагаас явуулж ирсэн үйл ажиллагаа, арга хэмжээнд тогтмол оролцож ирсэн бөгөөд энэ удаагийн анхны зөвлөлдөх уулзалт амжилттай болсныг ГХЯ-ны ХөОГ-ын захирал Т.Төгсбилгүүн тэмдэглэв. ОХУ-ын зүгээс манай улсын тус байгууллагын хүрээнд явагдсан хамтын ажиллагаанд идэвхитэй орлцож ирснийг сайшаагаад цаашид дэмжлэг үзүүлэх, харилцан мэдээлэл солилцож байхад анхаарах болно гэдгээ илэрхийлэв.
Т.Төгсбилгүүн Москва хотод ажиллах үеэрээ ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын захирал А.Б.Куликтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны холбогдох асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ