
Үндэсний сагсанбөмбөгийн холбооны плэй оффын эхний шатны тоглолтууд явагдаж байгаа билээ. Өрнөд бүсийн гуравдугаар байраар шалгарсан Денвер Наггетс болон зургаадугаар байраар шалгарсан Голден Стэйт Уорриорз багууд цувралын хоёр дах тоглолт өнөөдөр боллоо.
Хоёр багийн эхний тоглолтод цувралыг талбай дээрээ эхлүүлсэн Денвер Наггетс ахмад туршлагатай Андре Миллерийн гайхалтай тоглолтын ачаар 97:95 харьцаатай ялалт байгуулсан юм. Тэрхүү тоглолтод Алтан мужийн дайчид хамгийн чухал тоглогчдын нэг болох лигийн шилдэг хүчний довтлогч нарын нэг Дэвид Ли бэртэл аван, наад тал нь гурван сар талбайд гарч чадахааргүй болсон билээ. Гэсэн ч өнөөдөр явагдсан цувралын хоёр дахь тоглолтод Голден Стэйт Уорриорз маш сайн тоглолтыг үзүүлж гараанд гарсан дөрвөн ч тоглогч нь 20-с дээш оноог авснаар 131:117 харьцаатай талбайн эздийг Пепси центрт нь бут ниргэсэн байна.
Нэг улиралд хамгийн олон удаа холын зайнаас амжилттай довтолсон рекордыг эвдсэн холбон тоглогч Стивен Карри 30 оноо, 13 ашигтай дамжуулал гүйцэтгэсэн бол Дэвид Лиг орлон гараанд гарсан Жаррет Жек 26, шинэ залуу тоглогч Харрисон Барнс 24, Клэй Томпсон 21 оноо авч түүнд тусалсан юм. Хурдан довтолгоо, холын зайн шидэлтээрээ лигт дээгүүр бичигдэх хоёр багийн дараагийн тоглолт Монголын цагаар бямба гаригийн өглөө Голден Стэйт Уорриорзийн талбай болох Оракл Аренад явагдана.
Ж.Цогтсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ