Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

img

  УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар эхлээд Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл, түүнийг дагалдуулан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар гишүүд хууль санаачлагчийн танилцуулга болон  байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсэн юм. 1993 оны 12 дугаар сарын 2-ны өдөр УИХ-аас баталсан Цагдаагийн байгууллагын тухай хууль нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэн жигдэлж, материал-техникийн хувьд тодорхой хэмжээнд бэхжүүлэн, цагдаагийн албыг хөгжихөд чухал хувь нэмрээ оруулсан. Гэвч хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи 20-иод жилийн хугацаанд тус улсын эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд ихээхэн өөрчлөлт орж, энэхүү өөрчлөлтийн явцад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах ажиллагааг уг хуулиар шуурхай, үр дүнтэй зохицуулах боломжгүй болжээ. Тухайлахад, ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, Азийн сан, Олон улсын Монгол соёлын төв, “Максима” судалгааны төв зэрэг байгууллагаас цагдаагийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагааны өнөөгийн байдалд хийсэн судалгаанууд уг байгууллагад тогтолцооны болон үйл ажиллагаа, удирдлагын зарчмын шинэчлэл хийх шаардлагатайг харуулсан байна. Түүнчлэн тус байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж олноор батлагдан гарсан, уг хуулийн зарим зүйл, заалт бусад хуулийн зүйл, заалттай давхардсан, цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдсан, хуулийн зарим зүйл, заалтын найруулга нь бүхэлдээ хуучирсан зэрэг шаардлагын үүднээс уг хуулийг шинэчлэн найруулж Цагдаагийн албаны тухай хууль батлан гаргахаар хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар цагдаагийн байгууллагын тогтолцоо боловсронгуй болж, зарим албадын чиг үүргийн давхардал арилна; гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд тодорхой ахиц дэвшил гарч, хүний эрх, эрх чөлөө хамгаалагдана; цагдаагийн байгууллагад өгөх иргэдийн үнэлгээ өсч, тус байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа бэхжиж, иргэдэд хүрэх үйлчилгээ чанаржина; гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлын чанар, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирна; цагдаагийн алба хаагчийн үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгаа, цалин хөлс, урамшил сайжирна; цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдэж, мэдээллийн аюулгүй байдал хангагдана гэж Засгийн газар үзэж байгаа юм байна. Уг хуулийн төсөлтэй уялдуулан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Галт зэвсгийн тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 48 гишүүний 38 нь буюу 79.2 хувь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zov shuu:
Sain bn aa tegeed neg shinechleed avbal zugeer bgaa ym. Olon sudalgaa deer indesleed unexeer boloxgui bolchixson geed ir dun garchaad bgaa bol xuuliig uurchiloxoos yaxav. Negdsen San gedeg ym garch irj bgaa ym bn. Bas l saixan sanaa.
2013-04-26
546541:
ene tsagdaad buu bariulj bolohgui shuu
2013-04-25
Зочин:
Барилгын төсвийн програм, ашиглах зааврыг peaktopeakllc.blogspot.com орж татаж аваарай
2013-04-25