Дэлхийн спортын авиралтын хаан уул ертөнцийн хоёр дахь ноён оргил К2 уул нь Пакистан улсын нутаг дэвсгэрт далайн төвшнөөс дээш 8611 м өндөрт оршдог. К2 уул нь дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог байна.
Өнгөрсөн 60 жилийн түүхэнд дэлхийн зулай Эверест ууланд манай гарагийн 3000 гаруй хүн авирч оргилд гарсан байхад К2 ууланд түүний 10 хүрэхгүй хувь нь авирсан байдаг аж. Үүнээс эмэгтэй уулчдаас 11 хүн оргилд гарч, буухдаа 4 уулчин нь осолдсон гэнэ. Тамирчин хүн олимп, тив дэлхийн аварга болохыг ямагт хүсдэгийн адил дэлхийн 8000м-ээс дээш өндөртэй 14 оргил түүний дотроос топ гурван оргилийг /Эверест, К2, Канчинжунга/ мөрөөдөхгүй уулчин байхгүй.
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа 2008 оноос эхлэн К2 уулын судалгаа, бэлтгэл ажил, сургуулилтыг хийж ирсэн. Тэрбээр ирэх зургадугаар сарын 10-наас наймдугаар сарын 20-ны хооронд 70 хоногийн хугацаатай олон улсын багтай хамтран авирахаар бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Б.Гангаамаагийн төлөвлөгөөт авиралтын өмнөх өндөр авалт, бэлтгэл сургуулилт ОХУ-ад ирэх сарын 05-25-ны хооронд болох юм. Мөн Пакистан Улсын Броуд-Пик ууланд 7 хоног өндрийн бэлтгэл хийх юм байна.
Д.Цэцэг