Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг 14.00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэнэ

img

  Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг энэ сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлснийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн. УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулахаар гаргасан саналдаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хууль болон холбоглох бусад хуулийг зөрчсөн, төрийн албан хаагчдыг халсан, хууль бус томилгоо хийсэн, ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан шийдвэр гаргасан, гадаад харилцааны асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийсэн, ёс зүйгүй үйлдэл гаргасан тухай болон огцруулах бусад үндэслэлийг тусгасан байна.Өнгөрсөн долоо хоногийн эхээр болсон Төрийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үеэр 21 гишүүн Ерөнхий сайд болон уг саналыг танилцуулсан гишүүдээс асуулт асуун хариулт авч, 25 гишүүн өөрийн байр суурийг илэрхийлж үг хэлжээ. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг асуудлыг нягтлан судалж шалгаж тодруулах нөхцөл байдал үүсээд байна гэж үзэж завсарлага авсан юм. Энэ асуудлыг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж, завсарлагын талаархи МАН-ын бүлгийн танилцуулгыг эхлээд сонсов. Дараа нь хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  гишүүд үг хэлж байр сууриа илэрхийллээ. Үг хэлсэн МАН-ын бүлгийн гишүүд Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрч байгаад анхаарлаа хандуулах, Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөн гэх асуудалдаа дүгнэлт хийх, төрийн албан хаагчдын томилгоог хуулийн дагуу хийх, ёс зүйн алдаа гаргахгүй байх, дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хязгаарлахгүй байх, парламент дахь цөөнхөө хүндэтгэдэг, санал шүүмжлэлийг нь сонсдог байх, хууль зөрчдөггүй, шударга ёсыг дээдэлдэг байх, Монгол Улсын гадаад бодлого, хоёр хөрш оронтой харилцах харилцаанд нааштай эргэлт гаргах талаар анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг сануулж, хэлэлцүүлгийн явцад Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл бодитой болох нь тодорхой байна гэдгээ хэлж байлаа. Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн хувьд аливаа асуудалд улстөржихгүй бодитой хандах, улс төрийн хүчнүүд хамтран ажиллах, бүх асуудлыг Үндсэн хуулийн маргаанд татан оруулах алхам хийхгүй байхыг онцлон дурдаж, Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл харагдахгүй байна гэдгийг хэлж байв. Тухайлахад гишүүн А.Бакей монголчууд бид сүүлийн 16 жилд 7 удаа Ерөнхий сайдаа огцруулах асуудлыг авч хэлэлцэж байжээ. Өнөөдөр бид 8 дахь удаагаа энэ асуудлыг хэлэлцэж, нэг намын бүлэг нь завсарлага авснаас болж хоёр өдрийн ажил албаа алдаад байна. Гэтэл улс орны цаг үеийн ажил, хаврын бүтээн байгуулалт гээд цаг алдалгүй амжуулах ажил их байна гэдгийг хэлж байлаа. Мөн гишүүн Ч.Сайханбилэг төрийн албан хаагчдын тоо өссөн тухай асуудлын талаар тайлбар хэлэхдээ, шинэ Засгийн газар байгуулагдсанаар төрийн захиргааны албан хаагчдын тоо 300 гаруй хүнээр цөөрсөн. Харин энэ оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар сургууль, цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтад оруулахтай холбогдож төрийн үйлчилгээний ажилтнуудын тоо нэмэгдэж байгааг хэллээ. Ингээд чуулганы нэгдсэн хуралдааны цагийг 13 цаг хүртэл сунгаж Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Neeree ulaan kommunictuud vnen yadargaatai yumaa.AN harin 8 han sariin hugatsaand bondoor munguu bosgood hiih ajil n todorhoi bolchloo.Hu 90 jil tur bariad iim hiij chadaagvi ataarhaad vheh n ee.Ted odoo yu ch hiihees butsahgvi.
2013-04-26
ИРЭЭДҮЙ:
МАНАЙ УЛСАД ХЭРЭГГҮЙ ЮМ ХЭД БАЙНА ,ТӨРИЙН АЖЛЫГ ХОЙШ ТАТАГЧ АРДЫН НАМ ГЭЖ НЭГ ЮМ БАЙНА,КО НАМУУД ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛААД БАЙХАД МОНГОЛООС КО НАМ ХАЧИГ ШИГ НАЛДААД ЗОВЛОНТОЙ ТАМТАЙ НЭГ ЮМ БАЙНА
2013-04-25