
Хүн амын төвлөрлийг хөдөө орон нутаг уруу чиглүүлэх төрийн бодлогын хүрээнд Сүхбаатар аймаг бүтээн байгуулалтын оновчтой төлөвлөлт, зохицуулалт хийж иргэдийн тав тухтай, эрүүл саруул, сэтгэл ханамжтай амьдрах нөхцөл бололцоог хангасан хот байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж буй. Энэ онд тус аймагт гурван том хорооллын суурь тавигдаж, одоогоор 300 орчим айл дахин төлөвлөлтөнд орон газар чөлөөлөх ажил хийгдэж байгаа аж.
Дээрх гурван хорооллын нэг нь болох “Эко” хорооллын зураг төсөл “100 мянган айл” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж эхэлжээ. Мөн дэд бүтэц очих боломжгүй хэрнээ хүн ам нэлээд төвлөрсөн хорооллын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэн “Спорт цогцолбор”ыг байгуулах аж. Харин гурав дахь хорооллыг “Боловсрол” хороолол гэж нэрлэсэн юм байна. Тус хороололд орчин үеийн стандарт бүхий 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, мөн музей, номын сан зэрэг бусад шаардлагатай үйлчилгээнүүдийг шинээр байгуулах гэнэ. Энэ хорооллын дэд бүтцийг нь БХБЯ-ны дэмжлэгтэйгээр улсын төсвөөс 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа аж. Харин барилгын ажлыг "Люкс вүүд Хаус” ХХК гүйцэтгэхээр болсон байна.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр тус компанийн Гүйцэтгэх захирал С.Цогтсайхан болон аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар хамтарч ажиллах гэрээг үзэглэв Уг ёслолд УИХ-ын гишүүн М.Зоригт, БХБ-ын дэд сайд Г.Байгальмаа нар мөн оролцсон байна.
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь энэ талаар “Манай орны цаг агаарын нөхцөлд тохиромжтой, орчин үеийн загвар хийцтэй 250 айлын хаус бүхий жишиг хотхоны төслийг 2013 оны гуравдугаар улиралд бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Бид барилгын ажлыг гүйцэтгэх компанийг тодруулахдаа Сүхбаатарын талбайд гарсан үзэсгэлэнд оролцож буй компаниудыг нэг бүрчлэн нарийвчлан судалсны эцэст энэ "Люкс вүүд Хаус” ХХК-ийгсонгож авсан. Энэхүү хороололын хаусууд нь хааш хаашаа 8 м урттай, нийт 64 м
2 талбайтай, нэг бүрийн өртөг 40 сая төгрөгт багтаж байгаа, энэ нь зах зээлийн ханшаас харьцангуй доогуур үнэ” гэлээ.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон М.Зоригт гишүүн “Сүхбаатарчууд “Нутагтаа сайхан амьдаръя” гэсэн үзэл санааг төлөвшүүлж чадсаны үр дүнд энэ бүхнийг хэрэгжүүлж байна. Хоёр сарын өмнө БХБ-ын сайд тэргүүтэй 200 гаруй хүн газар дээр нь очиж танилцсанаар дэд бүтцийг санхүүжүүлэх гэх мэт тодорхой асуудлууд шийдэгдсэн. Үүнээс гадна иргэдийн оролцоо маш чухал. Иргэд олон жил суурьшиж, идээшсэн газраасаа холдох дургүй байдаг ч орон нутгийнхаа хөгжил, өөрсдийнхөө илүү тохь тухтай амьдралын төлөө энэ бүхнийг санал нэгтэйгээр шийдэж чаддаг. Зөвхөн Баруун-Урт гэлтгүй Баяндэлгэр, Эрдэнэцагаан гэх мэт бусад сумдад ч мөн адил барилгажилтын ажлыг эхлүүлээд байгаа” гэсэн юм.
Мөн үеэр "Люксвүүд Хаус” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Цогтсайхан “Монгол Улсын барилгын салбарт улирал харгалзахгүйгээр богино хугацаанд чанартай, өндөр бүтээмжтэй ажиллах WPC технологийг анхлан нэвтрүүлж буй энэхүү төслөө бусад аймгуудад загвар болгох зорилго тавьж гүйцэтгэнэ” гэдгээ илэрхийлж байлаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ