
Орчин үеийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалж яваа Английн
“IS TROPICAL” хамтлаг Монголд буусан даруйдаа Улаанбаатарт нэг хоноод Дархан-Уул аймагт ирлээ.
“IS TROPICAL” хамтлаг нь “The Greek” дуугаараа 2011 онд “UK Music Video Awards” наадмаас “Best Indie/Rock Video” шагнал хүртсэн билээ. Английн Лондон хотноо 2009 онд Саймон Милнер, Гари Барбер, Доминик Апа нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан энэ хамтлаг нь, 2010 онд гаргасан "When O’ When" синглээрээ манай гаригийн сая сая залуусыг байлдан дагуулжээ. Тэд хоёр жилийн өмнөөс “Native To” нэртэй цомгийн ажилдаа орсон бөгөөд эхний сингл “South Pacific” нь 2011 оны нэгдүгээр сард цацагдсанаар нэр хүнд нь хөгжим сонирхогчдын дунд эрс өсчээ. Хамтлагийн “The Greek” дууны дүрс бичлэгийг YouTube сайтад 3.5 сая удаа үзсэн байдаг.
Хамтлагийн гурван гишүүн, тэдний айлчлалын тухай баримтат кино бүтээж яваа www.vice.com сайтын уран бүтээлчдийн багийнхныг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээн авч уулзаж, Дарханы залуу уран бүтээлчидтэй холбоо тогтоон хамтран ажиллаж байгаад нь талархаж байгаагаа илэрхийллээ. Дараа нь тэд асрамжийн газрын “Шонхоодой” циркийн жүжигчин хүүхдүүдэд сэтгэлийн хандив өргөжээ. Орой нь “Queen” клубт тоглолт хийсэн байна. Танхим үзэгчээр дүүрч, хамтдаа дуулж бүжиглэн, “IS TROPICAL” хамтлагийн дуу хөгжмийг Дарханы залуус шимтэн сонсдог, үнэлдэг гэдгээ харуулжээ.
Хөгжим бүжгийн цэнгүүн шөнө орой өндөрлөсөн хэдий ч хамтлагийнхан Дархан сумын Хүйтний голын эх рүү хөдөлж, 4 миль орчим нутагт хаваржиж байгаа малчин Б.Алдарынд зочилж, Монгол ахуй, зан заншил, мал ахуйтай нь танилцаж кино зураг авлаа. Тэд зочид буудал руугаа явж тухлахыг хүссэнгүй малчин айлдаа хоноглов. Шөнө үнээ тугаллаж нялх тугалыг тэдний хоносон гэрт оруулсан аж. Хамтлагийн залуус нялх тугалтай хамт гэрт хоножээ. Алс холын будант Альбионы залуус амьдралдаа үзээгүй олон юмыг Монголд үзсэний нэг нь энэ.
Маргааш нь тэд Улаанбаатар руу буцсан. Нийслэлд “ILoft function house”-т болсон тэдний тоглолтод “Моханик”, “Ватаме”, “Колорс” хамтлагууд оролцож ая дуугаа өргөсөн юм.

“IS TROPICAL” хамтлаг нь хоёр жилийн өмнөөс Улаанбаатар, Дархан хотод зохион байгуулагдах болсон “Рок наадам”-ын хүрээнд Монголын үзэгчдэд өөрсдийн хит дуугаа хүргэхээр ийнхүү хүрэлцэн иржээ. Энэхүү наадмыг зохион байгуулагч Р.Жавхлантөгсийн эрхэлдэг “ОРХОН-21” урлагийн төв нь, олон улсын дуу хөгжмийн хамтлагуудыг урьж ашгийн бус соёлын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг төвтэй хамт Шанхай хот дахь “DJ B.O” болон Улаанбаатарын “DJ Zoloo” клубүүд энэ удаа хамтран “IS TROPICAL” хамтлагийг Монголд авчирсан нь энэ ажээ.
.
Ө.Рагчаасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ