Хүннүгийн түүх, өв соёлын шинэ олдворуудыг дэлгэлээ

img

  Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан "Хүннүгийн түүх, өв соёл" нэртэй үзэсгэлэн Төрийн түүхийн музейд нээгдлээ. Энэ үзэсгэлэнд сүүлийн хоёр жилд шинээр олдсон олдвороос 300 гаруй үзмэр, эд зүйлийг дээжлэн дэлгэжээ. Хүннүгийн язгууртнуудын эдэлж байсан чимэг зүүлт, сүйх тэрэгний тоноглол, цэргийн зэр зэвсэг, төрийн болон шүтлэгийн бэлгэдэлт зүйлсээр дагнасан энэ удаагийн үзэсгэлэнд алт, мөнгө, хаш, оюу зэрэг үнэт эдлэл, хүрэл, төмөр, үйс, ясан хэрэгслүүд байна. Үзэсгэлэнд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхим болон бусад музейгээс оролцож, хамтран ажиллажээ. Монголчуудын анхны төрт улсын их түүхээ хүндэтгэх, нэхэн тодруулах зорилготой үзэсгэлэнгээ Төрийн ордон олон нийтэд нээлттэй болсонтой холбогдуулан Төрийн түүхийн музейд нээсэн гэж зохион байгуулагчид хэллээ. Хүннүгийн археологийн судалгааны ажил хийгдэж эхлээд 90  шахам жил болох хугацаанд монгол нутгаас Хүннүгийн язгууртны булш 50 гаруй газарт, 3000 гаруй тоогоор олдоод байгаа юм. Тэр дундаа Хараагийн Ноёнуул, Бороогийн суурин, Хануй гол, Дуурлигнарс, Морин толгой, Гол мод-1,2 зэрэг газраас түүхийн ач холбогдол өндөртэй дурсгалууд олдсон байдаг. Хүннүгийн түүх, өв соёлыг харуулах энэ үзэсгэлэн Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн Баганат танхимд сарын турш олон нийтэд үнэ төлбөргүй,  нээлттэй үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

monhoo:
xoy xamaagvi delgerengvi tawiad demii. ene xodoogvvr bulsh tonogchid ix ywdag bolood bna
2013-04-25
зочин:
за иймэрхүү мэдээллийг зурагтай тайлбартай, түүх гарал үүслийг бүрэн бичиж нийтэлж бай даа. аймаг сумдын олон хүн хотод очин энэ үзэсгэлэнг үзэж чадахгүй, харин зохион байгуулсан үзсэн та нар бусад монголчууддаа эх түүхээ сайн сурталчлахыг уриалж байна
2013-04-25