Төсвийн мэдээлэл иргэдэд нээлттэй болжээ

img

Сүүлийн жилүүдэд манай улс санхүүгийн харилцааны хууль эрх зүйн орчноо шинэчилж, төсвийн бодлогыг макро эдийн засгийн тогтворжуулалтын нэг үндсэн хэрэгсэл болгож төлөвшүүлэх замаар санхүү, төсвийн харилцааны ил, тод оновчтой байдлыг хангаж төсвийн сайн засаглалд шилжих эхний алхмуудыг хийж зохих үр дүнд хүрсэн хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Үүний нэг илрэл нь Олон улсын төсвийн холбооноос хоёр жил тутам хийгддэг нээлттэй төсвийн  судалгааны дүнгээр 2012 онд манай улс нийт 100 улсаас 38 дугаар байрт орсон явдал гэнэ.

Улсын Их Хурлаас баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулиудад төсвийн нээлттэй ил, тод байдлыг хангах зарчмыг тодорхой тусгасан бөгөөд олон нийтэд төсөвтэй холбогдолтой мэдээ, мэдээллийг тухай бүр хүргэхээр хуульчилсан хэмээн Сангийн яамнаас мэдээлж байна.

Тодруулбал, Засгийн газрын 2012 оны 17 дугаар тогтоолоор “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ыг баталсан бөгөөд тус журмын хүрээнд бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, орон  нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн батлагдсан жилийн төсөв, түүний гүйцэтгэлийг олон нийтэд нээлттэй, ил тод тухай бүр мэдээлэх үүрэг хүлээсэн ба  төсвийн байгууллага мэдээллийг олон нийтэд хүргэхдээ мэдээллийн самбар, цахим хуудас, хэвлэмэл хуудас, мэдээллийн бусад хэрэгсэл ашиглана гэж заасан.

Төсөв, түүний ангилал, агуулга бүтцийн талаарх үндсэн ойлголтыг олгохын зэрэгцээ төсөв боловсруулах, түүнийг өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, хэрэгжүүлэх үйл явцын талаар мэдээ, мэдээлэл төсвийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, шуурхай байдлыг хангах, төсөвтэй холбогдолтой бусад мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй түгээх зорилгоор Сангийн яам 2009 оноос эхлэн "Төсвийн ил тод байдал" буюу www.iltod.gov.mnцахим хуудсыг ажиллуулж эхэлсэн.

Түүнчлэн иргэдэд жил бүрийн батлагдсан төсвийн үзүүлэлтийг төсвийн шатлал бүрээр, орлого, зарлагын эдийн засгийн ангилал, төсвийн ерөнхийлөн захирагчаар дэлгэрэнгүй байдлаар мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх үүднээс 2012 онд http://www.iltod.gov.mn/tusuv/ хэсэгт төсвийн мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар харах системийг анхны хувилбарыг боловсруулаад байгаа аж.

Өдөр ирэх бүр хурдацтай хөгжиж буй технологийн дэвшилд нийцүүлэх, хэрэглэгчдэд мэдээллийг ойлгомжтой хүргэх шаардлагын үүднээс тус системийн зарим дутагдалтай байдлыг засварлан боловсронгуй болгосон шинэ хувилбарыг та бүхэнд хүргэж байгаадаа таатай байна. Тус хуудсыг өргөтгөж ухаалаг гар утас, бусад төхөөрөмжөөс хандах боломжтой болгож, ачаалах хурдыг сайжруулан, харагдах байдал, дизайныг боловсронгуй болгож шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн аж.

Энэхүү хуудаснаас төсвийн мэдээллийг энгийн байдлаар харахаас гадна иргэд гарын авлага болгон ашиглах боломжтой цахим системийг http://www.iltod.gov.mn/tusuv/ хэсэгт байршуулсан байна.

Тус цахим хуудас таны хүссэн мэдээллийг өгч чадаж байгаа эсэх, цаашид хэрхэн сайжруулах талаар та бүхэн саналаа энэ цахим хуудсаар болон Сангийн яаманд шууд хандаж ирүүлэх нь нээлттэй бөгөөд ингэснээр иргэдийн оролцоотой, бодитой, нээлттэй, ил тод төсөвтэй болоход чухал ач холбогдолтой гэж тус яамнаас мэдэгдлээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ