
Өнөөдөр “Генералуудын өдөр” тохиож байна. БНМАУ-ын Сайд нарын зөвлөл эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавъяа байгуулсан цэргийн дээд дарга нарт генерал цол олгох журмыг 1944 онд гаргаж анхны 11 хүнд шинээр олгож байжээ.
Эх орон, газар шороо, төр улсынхаа тусгаар тогтнолын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард түмнийхээ амгалан тайван байдлыг хамгаалах их үйлсэд нэгэн насны амьдралаа зориулан зүтгэж ирсэн үе үеийн цэргийн жанжин, генералуудын алдрыг мөнхлөх, хойч үеийн залууст эх оронч сэтгэлгээг өвлүүлэн үлдээх үүднээс Монгол Улсад генерал цолыг анх удаа олгосон энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэх болоод багагүй хугацаа өнгөрчээ.
“Монгол генерал төв”-өөс зохион байгуулдаг тус арга хэмжээг генерал цолтон төрүүлсэн салбарынхан ээлжлэн тэмдэглэдэг бөгөөд энэ онд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах, ерөнхий газар хариуцан зохион байгууллаа.
Энэ жил Хил хамгаалах, ерөнхий газар байгуулагдсаны 80 жилийн ой тохиож буй. Тиймээс эх орон, газар шороо, төр улсынхаа тусгаар тогтнолын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард түмнийхээ амгалан тайван байдлыг хамгаалах их үйлсэд нэгэн насны амьдралаа зориулан зүтгэж ирсэн үе үеийн цэргийн жанжин, генералуудад хүндэтгэл үзүүлэх эрхэм үүргийг хүлээсэн аж.
Эдүгээ манай улсад генерал цол хүртсэн 150 гаруй алтан мөрдэстнүүд байдгаас энэ удаагийн арга хэмжээнд 80 гаруй генерал оролцлоо. Мөн ХХЕГ-аас төрөн гарсан 18 генералын гэргий болон гэр бүлийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Хил хамгаалахын ерөнхий газрын хүндэтгэлийн талбайд генералуудыг хүлээн авч, Хил хамгаалахын түүхийг өгүүлсэн музей, хилчдын өнөөгийн байдал, хилийн анги нэгтгэлүүдтэй цахим сүлжээгээр холбогдсон зэрэг мэдээллийг танилцуулсан юм. Энэхүү танилцуулгын дараа Хилийн цэргийн 0151 дүгээр анги, Хилийн цэргийн 0 303 дугаар ангийн цэрэг дайчид хүндэт зочдод зориулан хил хамгаалах үеийн үзүүлэх тоглолтыг сонирхууллаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ