
Яам, агентлагийн удирдлагуудтай сар бүрийн сүүлчийн баасан гарагт хийж хэвшсэн “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” долоо дахь удаагийн цахим хурал боллоо. Маргааш эхлэх Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлын бэлтгэл ажил хангах Засгийн газрын тэргүүнээр ахлуулсан ажлын хэсэгт яам, агентлагууд хүч тавин оролцож байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим уулзалтын эхэнд хэллээ. Мөн 4 дүгээр сарын 29-ний даваа гарагийг амралтын өдөр болгох ямар нэг шийдвэр Засгийн газраас гараагүй, харин замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зарим томоохон зах, үйлчилгээний төвийг энэ өдөр ажиллуулахгүй байх зохицуулалтыг нийслэлийн удирдлагууд хийснийг иргэд, олон нийт ялгаж зөв ойлгоорой гэлээ.
Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан гол гол хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлаа түргэвчлэн эхлэхийг яам, агентлагуудад үүрэг болголоо. Зургаан аймгийн төвийг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын ажил хугацаандаа эхэлсэн эсэхийг газар дээр нь очиж шалгах, өмнөд бүсэд төмөр замын ажлаа, нийслэлд “Гудамж” төслөө нэн даруй эхлүүлэх, Дарханд газрын тосны үйлдвэр, Тавантолгойд цахилгаан станц барих ажлын бэлтгэлийг шуурхай хангах, Амгалан дулааны станцын газрын асуудлыг даруй шийдэх зэргийг онцлон нэрлэсэн юм.
Мөн төрийн албан хаагчдын халаа, сэлгээтэй холбоотой асуудалд яам, агентлагийн удирдлагууд хариуцлагатай хандаж, шийдвэрээ ил тод байлгахыг хүслээ
гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ