
Манай улс АОХН-ийн Сайд нарын VII бага хурлыг энэ сарын 29-нд эх орондоо зохион байгуулна. Сайд нарын бага хурлын өмнө буюу 27-28-нд АОХН-ийн Парламент, Эмэгтэйчүүд, Залуус, Иргэний нийгмийн чуулга уулзалтууд болно. Дээрх арга хэмжээнүүдэд 104 орны 1215 төлөөлөгч оролцохоор түрүүчээсээ ирж эхлээд байна. Бага хурлын үйл ажиллагааг сурвалжлахаар гадаадын 50 гаруй, дотоодын 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүртгүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт зочноор 12 орны төр, засгийн тэргүүн, дэлхий дахинаа нэр хүндтэй улс төр, нийгмийн зүтгэлтнүүд уригдсан.

Ойрын хэдэн жилүүдэд утаа униар, хог шороотой гэдгээрээ муу хэлүүлж байгаа нийслэл хот маань энэ өдрүүдэд өнгө зүс орж, цэмбийж байна. Нийслэлийн Хот тохижилтын газрынхан зам угаадаг машинтай болж, түүгээрээ Сүхбаатарын талбай угааж, гантиг чулуунууд нь гялалзаж байгаа харагдана. Мөн замаа засч нөхөж, цагаан будгаар тэмдэглэгээ тавьж, хайс, хашаагаа тэгшилж, гэрэлтүүлгийн шатсан чийдэнгүүдээ солив.

Зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах,иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө цагдаа болон онцгойгийнхон уртасгасан цагаар ажиллан. Мөн нийгмийн хэв журам сахиулах болон хамгаалалтын ажилд Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн сургуулийн сонсогчид, дотоодын цэргийн алба хаагчид болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдыг татан оролцуулж байгаа бөгөөд энэ өдрүүдэд морьт эргүүлийнхэн ийнхүү албан үүргээ гүйцэтгэж байна.

Энэ өдрүүдэд замын хэт их түгжрэлээс урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгслийн сүүлийн орноор нь дугаарын хязгаарлалтын бүсэд явахгүй байхаар түр зохицуулалт хийж байгаа. Улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашин 07-21 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Харин маргааш улсын дугаарын сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашинтай жолооч нарт дээрх зохицуулалт үйлчилнэ. Зарим хүмүүс "Автомашиныхаа талыг нь нуучихаар ямар цөөхөн машинтай орон бэ гэж төлөөлөгчид бодно доо" хэмээн хошигнож байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн 4 өдрийн турш троллейбус иргэдэд үнэгүй үйлчилж байна.

Замын цагдаагийн ажилтнуудын ажлыг нугалж зохицуулагч хүүхдүүд энэ өдрүүдэд явган зорчигчдод ийнхүү тусалж байна.
Хуралд оролцох 1000 гаруй зочин төлөөлөгчдөд үйлчилгээ үзүүлэх зочид буудал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт тавин ажиллаж байна. Зочдод “Улаанбаатар”, “Блю скай”, “Баянгол”, “Корпореит-1”, “Корпореит-3”, “Пума империал”, “Континентал”, “Рамада”, “Кемпински”, “Чингис” зэрэг зочид буудал, түүний дэргэдэх хоолны газар, Скай ресорт цанын баазын, Төрийн ордны IV давхрын ресторан, Элит цогцолборын зоогийн газрууд зэрэг 13 аж ахуйн нэгж, байгууллагын 20 хоолны газар, 10 зочид буудал үйлчилнэ. Тиймээс хуралдааны өдрүүдэд МХЕГ, НМХГ-ээр хариуцлагатай жижүүр томилон хүнсний чанар аюулгүй байдал, эрүүл ахуй халдвар судлалын 28 улсын байцаагч байнгын хяналт тавьж ажиллахаар болжээ.

Зочдод "UB taxi" үйлчилж байна.
Д.Цэцэг
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ