АОНХ-ийн чуулга уулзалтууд эхэллээ
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОНХ/-ийн Сайд нарын долдугаар чуулга уулзалтын төлөөлөгчдийн нэгдсэн хурал Төрийн ордны Их танхимд өнөөдөр 09:00 цагт эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал даргалж, чуулганы эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг илтгэл тавилаа.
Нийтдээ таван хэсэгт хуваагдан чуулах уулзалтууд 11:30-18:00 цагийн хооронд үргэлжлэх ажээ. Парламентчдын чуулга уулзалт Төрийн ордны “Б” танхимд болох бөгөөд уулзалтыг УИХ-ын гишүүн Б.Батчимэг даргалж, УИХ-ын дарга З.Энхболд, АОХН-ын парламентчдын чуулга уулзалтын ерөнхийлөгч Эммануэл Зингэрс нар оролцож байна.Харин Иргэний нийгмийн чуулга уулзалт “Корпорэйт-3” зочид буудалд болж буй бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар оролцож байна. Эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар оролцох аж.
Тус хурал “Кемпински” зочид буудалд болно. Харин Залуучуудын чуулга уулзалт Монголын хүүхдийн ордонд болох бөгөөд Гадаад хэргийн сайд Л.Болд оролцох юм байна. Чуулга уулзалтын сүүлийн хэсэг болох Бизнесийн ардчиллын чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Монголын худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн дарга С.Дэмбэрэл, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар оролцох юм. Хуралдаан МҮХАҮТ-д болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ