Долоо хоногийн тойм

img

Улс төр, нийгмийн амьдралд онцлох үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өндөрлөлөө. Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж буй АОХН-ийн сайд нарын VII бага хурлын төлөөлөгчид долоо хоногийн сүүлчээр Улаанбаатарт морилон ирж чуулга уулзалтууд  ч ар араасаа хөвөрч эхэлсэн юм. Түүнчлэн өнгөрөгч баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ёс зүйн алдаа гаргасан УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн VII бага хурал болох гэж буйтай холбоотой нийслэл хот ч өнгө төрхөө засч амжив. Ингээд “Шууд.Эм.Эн” мэдээллийн дэлгэц   энэ сарын21-28 өдрийн үйл явдлын тоймыг уншигчддаа хүргэе.

АОХН-ийн сайд нарын VII бага чуулган эхэллээ

Дэлхийн 104 улсын 1200 гаруй төлөөлөгч Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Эрхэмсэг зочид төлөөлөгчид өнгөрөгч  бямба гарагаас эхлэн салбар чуулга уулзалтуудад оролцож эхэлсэн бөгөөд тус бүртээ ардчиллын асуудлаар зөвлөлдөж эхэлсэн юм.  Чуулга уулзалтыг нээж УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар үг хэлэв.

Чуулга уулзалтын төлөөлөгчдийн нэгдсэн хурал Төрийн ордны Их танхимд өнгөрөгч бямба гарагт  эхэлсэн бол Парламентчдын чуулга уулзалт Төрийн ордны “Б” танхимд  болж өнгөрөв.  Уулзалтыг УИХ-ын гишүүн Б.Батчимэг даргалж, УИХ-ын дарга З.Энхболд, АОХН-ын парламентчдын чуулга уулзалтын ерөнхийлөгч Эммануэл Зингэрс нар  оролцсон байна. Эхний өдөр салбар чуулга уулзалтууд тус бүртээ ардчиллын асуудлаар зөвлөлдөж, бодлогын баримт бичиг боловсруулсан байна.  Энэ жилийн чуулга уулзалтуудын гол хөндсөн сэдэв нь авлига. Залуус болоод иргэний нийгэм, парламентчид, бизнесийн ардчиллын чуулга уулзалтууд  энэ сэдвүүдийг голчлон анхаарч зөвлөлдлөө.

 Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Шударга ёс, ардчиллын төлөө тэмцэгч, Нобелийн Энхтайвны шагналт хатагтай Ан Сан Су Чи манай улсад айлчилж буй нь хүндэт зочдын нэг.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтран “Монгол ба Мьянмар: Эрх чөлөө, ардчилалд хүрэх замд” сэдвээр олон нийтэд зориулсан лекц уншихаар болсон билээ. Энэхүү лекц энэ сарын 30-нд Төрийн ордны Их танхимд 14.00 цагт эхлэх юм.

С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаас чөлөөллөө

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн явцад гишүүд УИХ-ын дэд дарга С.Баярцогтоос нэлээд нухацтай асуулт асууж харилт авч байв. Тухайлбал МАН-ын бүлгийн зүгээс түүнийг дансаа нуусан анхны гишүүн биш. Гадаадад нууц данстай гишүүд олон бий шүү гэдгийг сануулсан бол УИХ-ын Г.Баярсайхан, Ж.Батзандан нар С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөөд зогсохгүй АТГ үргэлжлүүлэн шалгах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байна юм. Ингээд гадаадад буй дансны мэдээллээ нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг гишүүдийн 87,5 хувийн саналаар огцруулахаар шийдсэн байна.  Нийт 74 гишүүн санал хураалтад оролцсон бөгөөд 56 гишүүн түүнийг огцруулах нь зүйтэй гэжүзэн, найман гишүүн татгалзсан санал гаргаж байв.

Далайд гарах боломжийг нэмэгдүүлнэ

 Засгийн газрын хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд далайд гарах боломжийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа эргэлтийг түргэсгэх талаар дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.

“Дунзяны гаалийн баталгаат боомт” бүсэд Хятадын талтай хамтарсан тээвэр логистикийн төсөл хэрэгжүүлэхэд Монголын талыг төлөөлөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулах, тухайн төсөлд хөрөнгө оруулах чадамжтай хувийн хэвшлийн төлөөллийг сонгон оролцуулах ажлыг зохион байгуулахыг Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгалаа. БНХАУ-ын “Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн “Дунзяны гаалийн баталгаат боомт” бүсэд 50 жилийн хугацаагаар 10 га газрыг Хятадын талтай хамтарч эзэмшиж ашиглах эрх авахад шаардагдах Монголын талын хөрөнгийг Монгол банк, Зам, тээврийн яам хамтран хэрэгжүүлж буй “Өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэнэ.

Монгол Улсын хилийн боомтууд болон БНХАУ-ын Тяньжин боомтын хооронд төмөр зам болон авто замын тээвэрлэлтийн нэвтрүүлэх хүчин чадал, тээврийн тарифийн асуудал, дамжин өнгөрөх барааг тээвэрлэхэд далайд гарцгүй улсын тээврийн хэрэгслийг ашиглах боломж болон хэлбэрийн талаар Хятадын талтай гэрээ, хэлцэл хийхийг Зам, тээврийн сайдад даалгасан байна.

Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Ийнглак Чинаватыг  хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцож буй Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Ийнглак Чинаватыг  өчигдөр хүлээн авч уулзлаа.

Тайландын Ерөнхий сайдын хувьд манай улсад анх удаагаа айлчилж байгаа юм. Тиймээс энэхүү айлчлал хоёр улсын харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хэвэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга З.Энхболд мөн мэдэгдсэн.

Хатагтай Ийнглак Чинават айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Засгийн газар хоорондын харилцаа хамтын, ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлал болоод Ардчилсан орнуудын хамтын ажиллагааны сайд нарын VII бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн Улаанбаатар-Бангконг чиглэлд шууд нислэг үйлдэх асуудалд Тайландын Засгийн газар анхаарал хандуулж агаарын шугам нээх асуудлыг судалж байгаа гэдгийг УИХ-ын даргад дуулгалаа.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ