Ерөнхийлөгчийн сонгууль ба PR
Тариачин хулс тарихын тулд эхлээд үрийг газарт булж, үнсээр борддог. Бяцхан үр тэндээ бүтэн дөрвөн жилийн турш анир чимээгүй хэвтдэг ч мөнөөх тариачин өглөө болгон усална. Яг дөрвөн жилийн дараа нялх хулс газрын хөрсийг нэвтлэн ил гарч, зөвхөн 90 хоногийн дотор 20 метр өндөр ургадаг. Хэрвээ тариачин амьд үгүй нь огтхон ч үл мэдэгдэх тэрхүү хулсыг үндсээ газарт улам бүр шигтгэж, гадагшаа тэлэн ургаж буй хэмээн итгэж тордоогүйсэн бол ийн ургахгүй байсан нь лавтай. Ямар ч ойлголт удаан, марталт түргэн сонгогч энэ энгийн жишээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дөрвөн жилийн өнгийг тодорхойлж болно.
.
Хулс хэр ургасныг харах, шинэ үр суулгах цаг хаяанд ирлээ. Энэ тавдугаар сарын 12 гэхэд парламентад суудалтай улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх учиртай. Мэдээж одоогийн төрийн тэргүүн Ц.Элбэгдорж хамгийн өндөр рейтингтэй яваа бөгөөд МАН-аас эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Сангийн сайд Ч.Улааныг сойж магадгүй гэсэн яриа чих дэлсэж байна. Бусад нам, эвсэл ч дор бүрнээ нэгийг бодож байгаа нь гарцаагүй.
.
Улс төрийн сонгууль, аливаа бүтээгдэхүүнийг өмнө нь реклам сурталчилгаагаар олонд таниулж, амжилтад хүргэдэг байсан бол шинэ зуунд сонгуулийг PR-аар, бараа бүтээгдэхүүнийг брэндээр хөл дээр нь босгодог технологид шилжжээ. Гэхдээ сонгуулийн хуулийн дагуу сурталчилгааны давчуухан цагт PR нэрийн дор гамгүй магтаал урсгаж, эсвэл бор шувуу нисгэж, хар муур гүйлгэдэг сүлжээний бизнес маягийн пиарчид гарч ирдэг. Тэдний үйл ажиллагаанаас улбаалсан хар PR гэсэн нэр томъёо ч бий болсон. Ер нь PR-ын тухайд манайхан нэлээд эндүүрч, улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон “Эх орны хишиг 1,5 сая”, “Эрдэнийн хувь 1,0 сая”-аар өөрийгөө гоёх нь хоёр том намаас нэр дэвшигчдийн тод өнгө болж байсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль бол үүнээс өөр. Аливаа популист амлалт нь онолын ёсоор PR огтхон ч биш.
.Сонгуульд өрсөлдөх зорилгоо оновчтой тодорхойлоод судалгааны үндсэн дээр онилсон байндаа бүхий л хэлбэрээр цэгцтэй хүрч ажиллах арга барилыг Монголын хөрсөнд суулгахыг PR хэмээн үзэж болохыг судлаачид энгийнээр тайлбарлаж байна. Одоогоор үндэсний чамбай пиарчид байхгүй учраас гадаадын зөвлөхүүдийн амаар өрнөдийн технологиор будаа идэцгээж, гол төлөв бор шувуу хооллож байхшив дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг сөрөг хүчний саналыг төдийлөн авалгүй олонхоороо гул барьж баталсан гэсэн шүүмжлэл дагуулж байгаа ч амьдрал дээр хэрэгжүүлэх л үлдэж байна. Нэр дэвшигчийн PR-ын асуудлыг нэг л хүн удирдаж, багийг жолоодох нь чухал. Амьдрал дээр харж байхад нэр дэвшигчээ тойрон хүрээлэгчид нь элдвийн санаа оноогоор төөрөгдүүлж, мань эр “Дурлахаараа би дуугүй болдог Дуугүй дээрээ тэнэг болдог” хэмээх шүлгийн мөр шиг аяглах нь бий.
.
Нэр дэвшигчийн давуу талыг ялган гаргаж товойлгох эл технологид ярих урлаг онгой байр эзэлдэг. Ер нь эхлээд үгээр л бүтдэг нийгэм, эрх чөлөө юм чинь. Тиймээс ч Уинстон Черчиль нэгэнтээ “Илтгэх урлаг бол дэлхий дээрх бие даасан хүч мөн” гэж хэлсэн нь агуу улстөрчийн амнаас унасан санамсаргүй үг биш. Бид өөрсдийгөө тэнэг байдалд оруулахаар сурталчилж болохгүй. Өнгөрсөн сонгуулийн үеэр нэгэн нэр дэвшигч гэр хорооллынхонтой хийсэн уулзалтынхаа үеэр, та нар шиг би эсгий гэрт амьдарч байсан. Хэрвээ та нар намайг мал малла гэвэл би хөдөө очоод мал маллахад ч бэлэн байна гэсэн нь олны шоглонгуй мушийлтад замхарч байсан. Өдөр бүр дуулах муу мэдээний эсрэг дандаа хар PR-аар хариу бариад байвал дөжирсөн олон сонсохыг ч хүсэхгүй монгол араншин бий. Сонгуулийн туршлагатай нэгэн менежер, Монголд өрсөлдөгчөө газар дор ортол нь муулж өөрөө ил гарахыг хүсдэг муухай жаяг сүүлийн үед тогтлоо. Алдаа эндэгдлийнхээ тухай ч нээлттэй ярих нь хүнлэг, энэрэнгүй уур амьсгалыг бий болгодог юм шүү гэж билээ. Сонгуулийн шинэ хуулийн “Нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд өөрийн бэлтгэсэн болон захиалсан нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцна” гэсэн заалт нь чухал хөшүүрэг болох буйзаа.
.
Өрсөлдөгчөө битүүхэн тоншихыг хүсвэл нэр дэвшсэн нам, эвслийнх нь мөрийн хөтөлбөрийн бүтэмжгүй хэсгийг сануулж болно. 2009 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч “500 км-ээс дээш алслагдсан сургуульд суралцаж буй оюутны ирэх, очихын зардлыг төр нэг удаа хариуцна”. Эрүүл мэндийн бодлогын төгөлдөршилд “Элэг, зүрх судас, хоол боловсруулах эрхтний нарийн мэргэжлийн төрөлжсөн эмнэлэг байгуулна”. Дэд бүтцийг хөгжүүлэх бодлогын төгөлдөршилд “Улс болон хот хоорондын гол замуудын дагуу 100-150 км тутамд үйлчилгээний тохилог цогцолбор байгуулна”. “Сумын шууданг долоо хоногт 2-оос доошгүй, багийн шууданг нэг удаа хүргэдэг болгоно” гэсэн амлалт өгч байсан нь сонгогчдод хүрч чадаагүй. Төрийн тэргүүн бол илүү том асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
.
Гэхдээ бусдыг мушгихын оронд сонгогчдод төрүүлсэн хамгийн анхны цэвэр сэтгэгдэл жинтэй үнэлэмж болдог юм байна. Эртхэн гаргасан хичээл зүтгэл хүмүүстэй харилцах харилцаанд маш чухал, таны цэвэр карьерын дүр төрхийг тогтоож өгөх суурь болно гэсэн үндэслэлээр PR-ын цагаан толгой эхэлдэг юм билээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар аль болох хиргүй PR-ын технологийг нутагшуулж, олон өнгийг нь улам тод ялгах юмсан.
.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ