Аун Сан Су Чи: Бид ардчиллын нэр хүндийг хамгаалах учиртай

img

  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын YII бага хурал Төрийн ордны Их танхимд эхэллээ. Дэлхийн 104 орныг төлөөлөн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид дүүрэн цугласан хуралдааны танхимын тэргүүлэгчдийн ширээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тайландын Ерөнхий сайд Йинлак Чинават, Коста Рикагийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Альфио Пива Месен, Нигерийн Дэд Ерөнхийлөгч Намади Самбо, Европын комиссын Дэд ерөнхийлөгч Катрин Аштон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кассым-Жомарт Токаев, Нобелийн шагналт Аун Сан Су Чи, Нобелийн шагналт Товаккол Карман, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лайсснар нар уригдан суудлаа эзэлсэн байв. Хурлын дарга УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Болд хүндэт зочид, төлөөлөгчдийг танилцуулаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг индэрт урилаа. Ерөнхийлөгч үгийнхээ эхэнд түүний урилгыг хүлээн авч Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын ээлжит бага хуралд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлээд хурлын үндсэн илтгэлийг тавьсан юм. Дараа нь Тайландын Ерөнхий сайд хатагтай Йинлак Чинават, Нобелийн шагналт, ардчиллын бэлэг тэмдэг хэмээн нэрлэгдэх болсон хатагтай Аун Сан Су Чи нарын зэрэг төлөөлөгчид илтгэл тавьсан юм. Хатагтай Ан Сан Су Чи хэлэхдээ “Төрийн эргэлт гарахаас өмнө манай улс цэцэглэсэн хөгжилтэй улс байсан. Одоо манай оронд дэлхийн олон орноос хандуулж байгаа энэ анхаарал хандлагыг бид буруугаар ашиглаж болохгүй. Товчхондоо бид ардчиллын нэр хүндийг хамгаалах учиртай. Бид Үндэсний нэгдлийн төлөө хууль, хүний эрхийг дээдлэх зарчмыг баримталж байгаа. Та бүхэн мэдэж байгаа, манай улсад яс үндэстнүүдийн хоорондын зөрчил их. Үүнийг шийдэхийн тулд бид Үндэсний нэгдэл байгуулж, тайван замаар ардчилал өөд шилжих үзэл баримтлалтай байна. Монгол Улс бол ардчиллын зүрх болсон орон. Тиймээс би та бүхнээс ардчиллыг зүй ёсоор хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чинь амжилт хүсье. Ардчилал бол олон хүний мөрөөдөл байсаар ирсэн. Одоо харин мөрөөдлөө хэрэгжүүлэх цаг иржээ” гэсэн юм. Ийнхүү АОХН-ийн сайд нарын VII бага хурлын үндсэн хурал түр завсарлалаа.Харин үндсэн хуралдаан 14.40 цагаас үргэлжилж, дараагийн орон Эль Сальвадорт тугаа шилжүүлэх, ардчилалын үйл хэрэгт гавьяа байгуулсан зүтгэлтнүүдэд шагнал гардуулах ёслол болж, сайд нарын долдугаар бага хурал албан ёсоор өндөрлөх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwerthg:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК - НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-29