Т.Карман, Мохаммед Намади Самбо нар бараалхав

img

 

Улаанбаатарт болж буй АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцож байгаа Йемений хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналт хатагтай Тавакул Карман, Холбооны Бүгд найрамдах Нигери улсын дэд Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Мохаммед Намади Самбо нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа. Йемений хүний эрхийн төлөө тэмцэгч, Хил хязгааргүй эмэгтэй сэтгүүлчид олон улсын байгууллагын тэргүүн хатагтай Тавакул Карман нь хамгийн залуудаа буюу 32 насандаа Нобелийн шагнал хүртсэн хүн юм. Мөн энэ шагналыг хүртсэн анхны араб эмэгтэй, хоёр дахь Ислам шашинтан гэдгээрээ алдартай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хатагтай Тавакул Карман нар ижилхэн сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс юм. Энэ тухайгаа тэд онцлон дурдаж байлаа. Хатагтай Тавакул Карман хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцлээрээ Арабын ертөнц, дэлхий дахинд танигдсан бөгөөд Монгол Улс түүний энэ үйл ажиллагааг өндрөөр үнэлж АОХН-ийн Сайд нарын долдугаар хуралд ийнхүү уриад байгаа юм.

Хатагтай Тавакал Карман уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд, Сонгуулийн хууль дахь эмэгтэй гишүүдийн квотын сэдвийг сонирхож байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоо өмнөхөөс нэмэгдсэн, алхам алхмаар энэ үзүүлэлт дээшилнэ гэдэгт итгэлтэй байгаа. Сонгуулийн хуулиар нэр дэвшигчдийн 20 хүртэл хувийг эмэгтэйчүүд эзэлж буй талаар ярилаа. Хатагтай Тавакал Карман Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль маш сайн хууль, Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг орон гэдгийг сайн мэднэ хэмээж байв. Тэрээр Монгол Улсын хуулиудыг сонирхож буйгаа хэлж хаанаас англи хэл дээр олж уншиж болох талаар ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зөвлөгөө авлаа.
Зүүн Европын орнуудад 1989 онд эхэлсэн ардчилсан хөдөлгөөний буухиаг Ази тивээс Монгол Улс үргэлжлүүлж, ардчилсан хувьсгалыг тайван замаар хийж чадсан, өнгөрсөн хугацаанд ардчиллаа бататган гүнзгийрүүлж, АОХН-ийг хоёр жилийн хугацаанд амжилттай даргалан буухиагаа шилжүүлж байгаа талаар уулзалтын үеэр ярилцав. Мөн Арабын ертөнц, бүс нутгийн болон олон улсын сэдвээр санал солилцлоо хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ