Ноён хутагтын ес дэх дүр сэнтийдээ заларлаа
Говийн ноён хутагтын ес дэх дүр Дорноговь аймгаас тодорсон бөгөөд түүнийг сэнтийд нь залах ёслол өчигдөр Өвөрбаясгалантын энгэр, Хамарын хийдэд боллоо. Говийн есдүгээр ноён хутагт нь, тавдугаар Ноён хутагт Данзанравжаагийн төрсөн нутаг, Хөвсгөл сумаас тодорсон Отгоннамжилын Угтахбаяр гэдэг, 26 настай юм байна. Түүний номын нэрийг Данзанлувсантүдэв гэнэ. Ноён хутагт Данзанлувсантүдэв ламтан Улаанбаатарт Шашны дээд сургууль дүүргээд, Хамарын хийдэд шавилж, улмаар Энэтхэг улсад номын дуу сонсож, бурхан шашны номд нэвтэрсэн нэгэн бөгөөд 400 гаруй хүнээс буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээн XIY Далай лам Данзанжамц шигшин тодруулжээ. Данзанравжаагийн байгуулсан Хамарын хийдэд цугларсан сүсэгтэн олон нийтээрээ Ногоон дарь эх ном хурсны дараа есдүгээр хутагтыг сэнтийд нь залжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ