ТӨХ Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд үүрэг өглөө
Долоо хоног бүрийн пүрэв гаригт Төрийн өмчийн хороо ээлжит хурлаа хийдэг. Харин энэ сарын 16-ны ээлжит хуралдаан болоогүй. Учир нь, ТӨХ-ны дарга Д.Сугар Ерөнхий сайдыг дагалдан хойд хөршид айлчилж явсан юм. Гэхдээ айлчлалаас ирсэн Д.Сугар дарга өнгөрсөн 7 хоногт хурлаа хийлээ.
Ээлжит хуралдаанаар 51 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн гэж байна. Хуралдаанаар төрийн өмчит компаниудын 2011 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот төвшинг хэлэлцэж баталсан аж. Тухайлбал, “Монгол тамга”, “Биокомбинат”, “Геологийн төв лаборатори”, “Монголкино нэгтгэл”, “Цагаан шонхор”, “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ-ууд, “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Дарханы дулааны сүлжээ”, “Дарханы дулааны цахилгаан станц”, “Багануурын дулааны станц”, “Даланзадгадын дулааны станц”, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем”, “Баруун бүсийн эрчим хүчний систем”, “Дорнод бүсийн эрчим хүчний систем”, “Шивээ-Овоо”, “Монголын төмөр зам”, “Дулаан шарын гол”, “Дулааны цахилгаан станц-2”, “Дулааны цахилгаан станц-3”, “Дулааны цахилгаан станц-4”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “МИАТ”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтлийн цемент шохой”,”Монгол шуудан” ТӨХК-иуд, “Диспетчерийн үндэсний төв”, “Гадаадад ажиллах хүч илгээх төв” ТӨХХК-иудын ирэх оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот төвшинг хэлэлцсэн байна.
Улмаар 2011 оны бизнес төлөвлөгөөг баталж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг дээрх компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдэд үүрэг болгосон байна.
Мөн Гадаад харилцааны яамны харьяа Дипломат төлөөлөгчдийн газар, “Булан АЗЗА” ТӨХК, Авто тээврийн газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв зэрэг 22 газрын үндсэн хөрөнгийг худалдах, актлах, шинээр худалдан авах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ