
Монгол Улсад чуулсан АОХН-ийн сайд нарын долдугаар бага хурал гурван өдөр хуралдаж өнөөдөр өндөрлөлөө. Хуралдааны хаалтын үеэр Мьянмарын парламлентын гишүүн, Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Сү Чид Геремекийн шагнал гардуулсан. Мөн Белорус улсын дипломатич Эриксон болон дипломатич С.Бадрал нарт Пальмерийн шагнал гардуулсан юм.
Хуралдааны төгсгөлд Улаанбаатарын тунхаг бичгийг үйлдэж, олон улсад хүргэхээр болсон. Гадаад хэргийн сайд Л.Болд “Бид маш амжилттайгаар олон улсын хурлыг зохион байгууллаа. Хуралдаанд төлөөлөгчөөр ирсэн хүн бүр 20 жилийн хугацаанд хөгжсөн ардчиллын үйл хэргийг онцолж байлаа. Энэхүү хурлын үеэр бид Ази номхон далайн орнуудын сайд нарын зөвлөлийг зохион байгуулсан. Бид даргалах үүргээ Эль Сальвадорт өгч байгаа ч цаашид ардчиллыг хөгжүүлэх талаар АОХН-ийн үйл хэрэгт идэвхтэй оролцох болно. Эль Сальвадор улсад амжилт хүсье” гэж хэллээ.
Дараагийн хоёр жилд АОХН-ийг удирдах Эль Сальвадор улсын гадаад хэргийн сайд Хюго Рожер Мартинез “Өнгөрсөн хоёр жилд амжилттай удирдсан Монгол Улсаас бид энэ хариуцлагатай ажлыг авч байгаадаа баяртай байна. Тиймээс бид ардчилалын үйл хэргийг олон нийтэд болоод бүс нутагт, өөрийн оронд төлөвшүүлэхэд өөр бусад улстай хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ