“Цахилгаан тээвэр” компани өрсөлдөөнд шударга бусаар оролцож байна гэж үзжээ

Тэгвэл тус компанитай холбоотой санал, гомдол сүүлийн үед нэлээдгүй гарах болж, тэр дундаа тус компанийн захирал Д.Жаргалсайханыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн мэдээлэгдэж байна. Тэрбээр төрийн өмчит гэх нэрээр далайлгаж, салбартаа илт давуу байдал бий болгосон, өөрийн мэдлийн хувийн оролцоотой компаниудаараа дамжуулж төсвийн мөнгийг “иддэг”. Нийслэл хотод төрийн өмчит гэх гурван компани үйл ажиллагаа явуулж байгаагаас “Цахилгаан тээвэр” компанийн хувьд харьцангүй бага үнээр буюу 200 төгрөгөөр иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Мөн троллейбус нь автобустай ижил багтаамжтай атлаа тээвэрлэх тарифаа 300 төгрөгөөр тогтоочихоод нөхөн олговрыг 400 төгрөгөөр авдаг. Хотын төв замаар зорчигчийн урсгал ихтэй замаар хямд үнээр үйлчилгээ үзүүлэх, тролейбус үйлдвэрлэдэг гэдгээрээ давуу тал ихтэй байдгаас төсвөөс жил бүр багагүй мөнгө хүртдэг. Гэвч "Цахилгаан тээвэр" компани нь давуу эрхээ ашиглан өрсөлдөөний хууль зөрчиж, төсвөөс их хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулж, стандартын шаардлага хангаагүй тролейбус үйлдвэрлэж байна гэж салбарынхан ШӨХТГ-т хандсан аж.
.
“Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдын холбоо” ТББ-ын захирал Ж.Дамдинсүрэн энэ асуудлаар доорхи мэдээллийг өгч байна.
Тэрбээр хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд төрийн өмчийн гурав, хувийн хэвшлийн 21 аж ахуйн нэгж өдөр тутам их багтаамжийн 894 автобус, троллейбусаар үйлчилгээ үзүүлж буй. Үүнээс Автобус 1, Автобус 3, Цахилгаан тээвэр гэх гурван компани нийслэлийн өмчит буюу төсвийн мөнгөөр санхүүждэг байгууллагууд. Тэд алдагдалтай ажилласан ч төсвөөс нөхөн олговор гэж авдаг. “Цахилгаан тээвэр” компанийн хувьд нийслэлийн төв хэсгийн зорчигч урсгал ихтэй чиглэлд өөрсдийн эзэмшлийн зөвхөн троллейбус зорчиход зориулагдсан шугамын дагуу үйлчилгээ үзүүлдэг. Хямд үнээр зорчигч тээвэрлэж байгаагаас шугамын бусад нийтийн тээврийн орлого болон үйлчилгээний соёлд муугаар нөлөөлдөг. Автобусны нэгэн адил багтаамжтай, 200 төгрөгөөр иргэдэд үйлчилдэг атлаа нөхөн олговороо 400 төгрөгөөр тооцож авдаг. Энэ нь шударга бус. Нөгөө талаар ажилчдынхаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төрөөс төлүүлдэг. Дээрээс нь тус компани сүүлийн тав орчим жил хэний, хаанахын өмч вэ гэдэг нь ойлгогдохоо больчихоод байна. Тодруулбал, “Цахилгаан тээвэр” компани дэргэдээ “Аз сервис”, “Эрдү” гэх компаниудтай бөгөөд тролейбус үйлдвэрлэлийн чиглэлд ажилладаг гэж тайлбарладаг. Гэхдээ дээрх компаниуд ашиг сонирхолын зөрчилтэй бид үзсэн. “Эрдү” компанийг л гэхэд Д.Жаргалсайханы төрсөн охин даргалдаг.
.
“Аз сервис” нь “Цахилгаан тээвэр” компанийн орлогч захирал байсан н.Лхагвасүрэн, одоо захирал хийж байгаа Д.Жаргалсүрэн нарын хамтын өмч. Тэд 2009-2011 он хүртэл “Аз сервис”-ийнхээ тролейбусыг түрээслээд байгаа юм уу, “Цахилгаан тээвэр” компани нь ажилтан албан хаагчаа “Аз сервис”-т түрээслээд байгаа юм уу мэдэгдэхгүй гурван жил гаран үйл ажиллагаагаа явууллаа. Бид энэ асуудлыг шалгаж өгөөч ээ гэж Нийслэлийн аудитын газар хүсэлт тавьсан. Аудитын газар шалгаж байгаа гэж бид итгэж байна.
Мөн “Цахилгаан тээвэр” компани дээр тролейбус , цахилгаан автобус үйлдвэрлэдэг үйлдвэр гэж байгаа. Тэнд хэвлэл мэдээллээр рекламдаад байгаа монгол инженерүүдийн ур ухаанаар үйлдвэрлэсэн гэх тролейбус нь олон улсын стандартын шаардлага хангадаггүй. Өнгөрсөн хугацаанд тролейбус гэмтсэн хэд хэдэн тохиолдлуудын учир шалтгаануудаас харж болно. Харин өөрсдөө болохоор монгол стандартаар баталсан гэж байгаа ч үнэндээ өөрсөндөө тохирсон стандарт гэдэг нь харагдана.
.
Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа шинээр хийгдсэн гэх арав гаруй тролейбус нь туршилтын гэх нэрээр тээврийн хэрэгсэлийн дугаар, гэрчилгээ, номер байхгүй атал шугаманд явж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Туршилтийн журмаар үйлчилгээг хийж байгаа эдгээр тролейбус нь хуучин хугацаа дууссан автобусны кузов дээр цахилгаан мотор залгасан байгаа. 12 жилийн стандарт хугацаа дуусаад ашиглалтад байхгүй болсон хувийн компаниудаас кузовыг маш хямд үнээр худалдан авдаг.
Бид Монгол инженерийн ур ухаанаар монгол хүн цахилгаан тээврийн хэрэгсэл угсарч, тэр нь авто замын хөдөлгөөнд оролцож байгаад дэмжиж байгаа. Цахилгаан тээвэр” компани монбус, дуобус зэрэг шинэ төрлийн автобус үйлдвэрлэнэ хэмээн нийслэлийн төсөвт тусгасан хөрөнгөнөөс багагүй хувийг ч энэ онд төсөвлөсөн байна. Хамгийн гол нь энэ компанийн өрсөлдөөнд шударга бусаар орж байгаа бизнесийн үйл ажиллагааг нь хардах эрх бидэнд бий. Энэ нь цаанаасаа мөнгө угаасан үйлдэл байхыг ч үгүйсгэх аргагүй” гэв.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ