
Иргэний хөдөлгөөнүүд ид хүчээ авч байх үед Ж.Батзандан, О.Магнай, М.Ичинноров нар өнгөт хувьсгалыг эхлүүлж хүзүүндээ шар тууз зангидан гудамжинд гарч байсан. Төрийн ордныг гартаа таарсан болгоноор чулуудаж улс төр гэдэг ямар бузар зүйл болохыг жигшин ярьж байсан саяхан.
Тэгвэл тэд өнөөдөр улстөрийн сонголтоо хийж эрх барьж буй хоёр намд шургалсан. Өнөөдөр тэднээс хамгийн сайн яваа нь буюу төрийн өндөр дээд албан тушаалтнуудын далбаанд багтсан нь Ж.Батзандан. Тэгэхээр энэ нөхөр хамгийн зальтай, хаа ч явсан амиа аваад явчихдаг эр байх нь. Ийм хүнээс улстөрийн тууштай, ноён нуруу гарна гэдэг бүтэшгүй.
“Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, АТГ-ын хөндлөнгийн хяналтын зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Ардчилсан хүчний холбооны тэргүүн гээд дааж давшгүй олон сэтрийг өөртөө цуглуулж чаджээ. Өмнөх нийгмийн үед дипломын гол гэж байсан өнөөдөр сэтэр, албан тушаалын гол гээд хэлчихэд хатуудсан болохгүй. М.Ичинноров МАН-ыг сонгосон. Үүнийхээ хажуугаар хуулийн чиглэлээр нийгмийг хамарсан үйл хэргээ орхиогүй.
Тиймдээ ч өнөөдөр дэлхийн шилдэг 20 хуульч эмэгтэйн нэг болсон байх. 2012 онд УИХ-ын сонгуульд хүч үзэхээр битүүхэндээ биеэ бэлдэж байгаа юм билээ. Харин тулгын гурван чулуун нэгж болж явсан О.Магнай Батзандангаа дагаж АН-ыг сонгосон. Намд орсноосоо хойш Нийслэлийн Ардчилсан намд үймээн самуун нэлээд дэгдээсэн гэж байгаа. Нөгөө л гудамжинд бужигнуулдаг шигээ авирласан байж таарах нь. Гэвч тэр нь нам доторхи карьерыг нь өсгөсөнгүй. Хатуухан хэлэхэд бараг мартагдах болчихсонд бүтэн нойртой хонож чадахгүйд хүргээд байгаа бололтой.
Учир нь тэрээр гудамжаа санаж эхэлжээ. Дахин гудамжиндаа гарч хүссэн хэмжээгээрээ орилж, дуртай цагтаа хашгирч, дайрч давшлах нь илүү сонирхолтой санагдсан биз. Тиймээс 2012 оны сонгуулийн дараа гудамжинд гарч сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсаал, цуглаан зохион байгуулж дахин дураар авирлахаар шийджээ. Үүндээ “хувьсгал” хэмээн том нэр өгчихөөд байгаа. Энэ тухайгаа “Би нийслэлийн аль ч тойрогт нэр дэвшсэн ялалт байгуулна. Үүндээ 100 хувь итгэлтэй байгаа.
Гэхдээ өнөөгийн нөхцөлд шинэчлэлийг парламентын танхимаас хийх боломжгүй. Тэгэхээр Магнай УИХ-д нэр дэвшилгүй ард түмэнтэйгээ хамт гудамжиндаа байна. 48/28 хувилбараар сонгуулийн үр дүн яаж ч гарсан ард түмэн зөвшөөрөхгүй байх эрхтэй. Би тэднийг төлөөлж удирдаж тэмцэнэ” хэмээн цээжээ дэлджээ. Сонгууль хэлэлцэж байгаа үеэс гудамжиндаа гарч дуу хоолой хүргэж шинэчлэлээ эхлүүлэхгүй юм уу гэхэд “цаг арай болоогүй” гэв.

Тэгэхээр мань хүн өвлийн хүйтэн жавраас жаахан жийрхэж цаг наашлахыг хүлээж байгаа бололтой. Ичээндээ суугаа Магнай гудамжинд гарах төлөвлөгөөгөө зохиож хэдийнэ ардын баатар болчихсноор өөрийгөө төсөөлж байгаа байх. 48/28 гэсэн холимог тогтолцоогоор сонгууль явах нь тодорхой байгаа. Өөрийн хуучин гишүүддээ тойрог хуваарилах гэж толгой гашилгаж байгаа АН-ын хувьд энэ тэндээс орогнол хүсч ирсэн Магнай зэрэгт тойрог өгөх тухай бодох ч тэнхэлгүй байгаа.
Ийм хүнд байдлаас эвтэйхэн гарах арга нь гудамжинд гарч ардын баатар болох супер төлөвлөгөө Магнайгийн ухаанд зурсхийсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ