2010 онд дэлхийг донсолгосон 10 үйл явдал
Гаитид газар хөдөлж 222570 хүн нас барав
Улиран одож буй 2010 он эхний сараасаа л хүн төрөлхтнийг айдаст автуулсан гэхэд болно. Нэгдүгээр сарын 12-нд Гаитид газар хөдөлж, 222570 хүний амийг авч одсон юм. Мөн энэ гамшигийн гайгаар 311869 хүн гэмтэж бэртжээ. Материаллаг хохирлын хэмжээг 5.6 тэрбум евро гэж тооцсон байна. Гаита улсын нийслэл Порт-о-Пренсээс баруун өмнөд зүгт 22 километрийн зайд газрын гүнд 13 километрт газар хөдөлсөн гэж судлаачид тогтоосон. Эхлээд долоон баллын хүчтэй хөдөлснийхөө дараа таван баллын хүчтэйгээр дараалан 15 удаа газар чичирхийлжээ. Олон мянган барилга байшин сүйдэж, олон өрх айл гэр оронгүй болсноос гадна Гаити улсын бараг өрх бүр хэн нэгнээ энэ гамшигаас болж алдсан юм. Талийгаачдын шарилыг гудамжинд хэдэн арваар нь нийлүүлж оршуулахаас өөр аргагүйд хүрч, Гаити цусаар уйлсан аймшигт явдлын амьд гэрч болсон билээ.
Киргиз дэх төрийн эргэлт 400 мянган хүнийг дүрвэхэд хүргэв
2005 онд төрийн эргэлт хийж Киргизийн улс төрийн эрхийг авсан Курманбек Бакиев энэ оны дөрөвдүгээр сарын 7-нд өөрөө төрийн эргэлтийн золиос боллоо. Эхлээд Бишкек хотод эргэлт гарч, дараа нь бусад бүс нутгийг хамарсан юм. Роза Отунбаева хэмээх эмэгтэй Түр Засгийн тэргүүнээр томилогдон, Бакиевын бүх булайг илчилж эхэлсэн. Төрийн эргэлтийн үймээн самуунаас дайжин 400 мянган киргизчүүд хөрш Узбект дүрвэжээ.
Хатыний эмгэнэлт явдлын үргэлжлэл буюу Польшийн Ерөнхийлөгчийн үхэл
Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньски эхнэр Мария болон албаны 96 хүний хамт сууж явсан онгоц Оросын Смоленскийн ойролцоо дөрөвдүгээр сарын 10-нд сүйрсэн. Тэд дэлхийн хоёрдугаар дайны үед Хатыньд амьдаараа шатаагдсан польш иргэдийн дурсгалыг хүндэтгэн, шарил дээр нь хүндэтгэл үзүүлэхээр зорьж явсан юм. Онгоцонд хийсэн шинжилгээний дүнд хөдөлгүүр, эд ангиудад ямар ч гэмтэл гараагүйг нотолсон байна. Онгоцны нисэх багийнхан өтгөн мананд чигээ алдаж, мод мөргөн ТУ-154 онгоц сүйрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Энэ явдлын дараа талийгаач Лех Качиньскийн ихрийн өрөөсөн Ярослав Качиньский “Энэ бол энгийн осол биш” гэж зарлаад “Оросуудын хоолойг багалзуурдах шинэ Рейган дэлхий дахинд хэрэгтэй байна” хэмээн мэдэгдсэн юм.
33 уурхайчны тухай үлгэр
Өнгөрөн одож буй он дандаа үхэл хагацлаар сүлэгдсэнгүй. Хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийн гайхамшгийг харуулсан гайхалтай үйл явдалтай ч золгуулсан. Наймдугаар сарын 5-нд Чилийн нэгэн уурхайн 700 метрийн гүнд 33 уурхайчин дарагдаж, нийт 69 хоног тэд газрын гавд амьдарсан. Бүх дэлхий даяар тэдгээр уурхайчдын хувь заяанд санаа зовинож, тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера аврах ажиллагааны сүүлийн хэсэгт өөрөө хүртэл оролцсон юм. NACA-гийн мэргэжилтнүүдийн бүтээсэн тусгай капсул энэ ажиллагаанд багагүй хувь нэмэр үзүүлсэн. Гэхдээ хамгийн гол нь 14 хоногийн турш багахан консервоор голоо зогоож, ээлжийн ахлагчийнхаа үгэнд орж, амьдралын төлөө тэмцэж чадсан уурхайчид, тэднийг аврахын төлөө байж болох бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авч, маш нарийн тооцож чадсан ажиллагааг энд дурьдах хэрэгтэй. Энэ явдал жаргалтай үлгэрийг эрхгүй санагдуулсан. Одоо 33 уурхайчинд тохиолдсон явдлаар холливудынхан кино бүтээхийг хүлээх үлдээд байна.
Хоёр Солонгосын зөрчилдөөн
Цагтаа нэг тугийн дор жагсаж, нэгэн дээвэр дор аж төрж явсан хоёр Солонгос энэ онд дайтах шахав. Гуравдугаар сард Өмнөд Солонгосын шумбагч Хойд Солонгосын эрэг хавьцаа живж, 46 далайчин амиа алдсан нь хэрэг явдлын эхлэл байлаа. Хойд Солонгосын тал үүнд ямар ч хамааралгүй гэж мэдэгдсэн юм. Харин арваннэгдүгээр сарын 23-нд Хойд Солонгосын их буучид Өмнөд Солонгосын Ёнпен арал руу гал нээж, гурван хүний аминд хүрсэн. Гэлээ ч “Өмнөдийнхөн эхэлж гал нээсэн” гэж бас мэдэгдсэн юм. АНУ -ын зүгээс хэрэв байдал хурцадвал Өмнөд Солонгост дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн бол Хятад, Орос байдлыг эвийн замаар шийдэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм.
Жулиан Ассанж хэмээх “тагнуул”
Wikileaks хэмээх цахим хуудас долдугаар сарын сүүлчээр АНУ-ын армийн Афганистанд явуулж буй ажиллагааны үнэн нүүр царайг илтгэсэн 90 мянган баримтын түрүүчийг дэлгэн тавьсан юм. Харин арваннэгдүгээр сарын сүүлчээр баримтын тоог бүр 250 мянгад хүргэсэн. Цахим хуудсын эзэн Жулиан Ассанж түүнээс ч аюултай мэдээллийг дэлгэнэ гэж ам гарсан нь хүн төрөлхтнийг айдаст автуулаад байгаа. Түүнийг баривчилсан ч хэд хоногийн өмнө батлан даалтад гаргаад байна. Гэхдээ зарим мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар “Энэ бол Америкийн тагнуулын албаны ээлжит нүүдэл” гэнэ. Олон мянган бичиг баримт дотор үнэхээр АНУ-д халтай гэхээр зүйл тун бага. Ямартай ч нэг талд нь Жулиан Ассанж, нөгөө талд нь АНУ байгаа мэт дүр зургийг эрх чөлөөний арлаас харуулах гэж ихэд хичээж байгаа нь үнэн.
Испани, вувузела, Пауль... энэ дэлхийн аваргын дурсамж
Хар тивд анх удаагаа хөлбөмбөгийн дэлхий аварга шалгаруулах тэмцээн зохиогдлоо. Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд олон гайхамшигтай хөлбөмбөгчнийг бэлэглэсэн, алдарт “Реал”, “Барселона”-гийн өлгий нутаг испаничууд анх удаагаа дэлхийн аварга болов. Мөн вувузела хэмээх чихэнд чийртэй бүрээ хөлбөмбөгийн фанатуудын дууг нам дарж, дэлхий даяар зөгийн үүрэнд орчихсон мэт сэтгэгдлийг өмнөд африкчууд төрүүлж “чадсан”. Германы жижигхэн хотод амьдардаг Пауль хэмээх солгой наймаалж, дэлхийн аваргын найман тоглолтыг зөв тааж, түүхэнд мөнхөрснийхөө дараа таалал төгссөн юм. Харин мөнхийн азгүй голландчууд гурав дахь удаагаа дэлхийн аваргад аман хүзүүдлээ. Францчууд дасгалжуулагчтайгаа хэрэлдэж, италичууд хэсэгтээ хомоол хамж, англичууд шившиг болсон дэлхийн аваргад Германы залуус тун сайхан тоглосон ч хүрэл медалиар голоо зогоов. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси нэг ч бөмбөг оруулж амжилгүй алдарт дасгалжуулагч Марадонагийнхаа хамтаар эх нутгаа зорьсон билээ.
Нобелийн шагнал дэлхийг хагаралдуулав
Эрдэмтэн Альфред Нобель динамитыг бүтээж, тэсэрч дэлбэрдэг бөмбөг үүсэх үндсийг тавьсныхаа нүглийг нимгэлэх гэсэндээ Нобелийн шагналыг бий болгосон гэдэг. Нобелийн Энхтайвны шагнал хамгийн нэр хүндтэйд тооцогддог ч энэ жил дэлхийг хоёр тал болгон хагаралдуулж дөнгөв. Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч Лю Сяабод энэ шагналыг гардуулах болсон нь өмнөд хөршийн зүгээс томоохон эсэргүүцэлтэй тулгарсан юм. Лю Сяабо нь Тянь Ань Мений талбай дахь бослогод оролцож явсан Хятадын нэг намын тогтолцоог буруушаагч юм. Үүнийхээ төлөө ч хоёр дахь жилдээ шоронд хоригдож байгаа нэгэн. Гэтэл Хятадын улстөрийн гэмт хэрэгтэнд дэлхийн Энхтайвны шагналыг өгсөн нь зөрчил дагуулсан. Ингэснээр Хятад зэрэг 17 орон Нобелийн шагнал гардуулах ёслолд оролцохоос татгалзлаа. Улмаар Өмнөд хөрш Нобелийн шагналтай эн зэрэгцэхүйц Күнзийн шагнал гээчийг бий болгосноо ч зарласан билээ.
Түймэрт автсан Орос орон
Орост сүүлийн 130 жилд тохиолдоогүй халуу шатаж, нийт хорин бүс нутгийн 500 мянган га газар галд автсан. Москва хот хүртэл олон хоногийн турш угаар дунд байлаа. Оросын газар нутгийг хамарсан гал түймрийн улмаас 56 хүн амь үрэгдэж, 1200 өрх айл орон гэргүй болжээ. Мөн үүнийг дагасан ган гачиг, тариалангийн талбай галд автсанаар оросууд улаан буудай экспортлохоо зогсоосон. Энэ нь дэлхийн эдийн засагт богино хугацаанд сөргөөр нөлөөлж, манайд ч гурилын үнэ нэмэгдэхэд хүргэсэн билээ.
Франц, Их Британи, Итали дахь санхүүгийн сандрал
Намар Европын гурван том гүрэн ард иргэдийнхээ ачааллыг нэмэгдүүлж, төрийнхөө халаасыг түнтийлгэх ажиллагаа явуулсныхаа төлөө томоохон эсэргүүцэлтэй тулгарав. Францад тэтгэврийн насыг 60 байсныг 62 болгож өсгөх замаар мөнгө “хийх” гэсэн бол Их Британид оюутны сургалтын зардлыг гурав дахин нэмсэн юм. Өмнө нь жилдээ 3000 евро төлдөг байсан оюутнууд 9000-ыг өгөх болсондоо уурсан жагссан бол тэтгэврийн насандаа сууж, олон жил ажилласныхаа үр шимийг хүртэхээ хүлээж байсан ахмадууд Францад жагсаж эхэлсэн. Харин Италийн Засгийн газар боловсролын салбарт шинэчлэл хийх нэрийдлийн дор багш, сургуулийн ажилтнуудын тоог цөөлж, хувийн бизнесийг хөгжүүлэхэд дэм үзүүлэхээр зэхсэн. Мэдээж үүнийг нь италичууд эсэргүүцэн жагссан юм.
Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ