
Нийслэлийн Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, Kёкүшю цамхагийн баруун талд байрлах 39 дүгээр байр буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилчдын гэх тодотголтой 66 айлын 12 давхар орон сууц нь чанаргүй баригдсанаас иргэдийг хохироож байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр тус байрны иргэд, оршин суугчдын төлөөлөл болох Д.Ганбаатар, Б.Одонгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мандахбаяр нар Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийсныг хүргэж байна.
66 айлын энэхүү орон сууц 2008 оны сүүлээр баригдаж, оршин суугчдаа авч эхэлсэн бөгөөд тэр цагаас эхлэн “Шүнди”-ийн гэх тодотголтой 12 давхар орон сууцны оршин суугчид айдас, түгшүүртэй олон жил амьдарч байна.
Анх ашиглалтад орсон цагаас эхлэн тус байр чанарын шаардлага хангахгүй барилга гэдгээ харуулж, дулааны шугам сүлжээ муугаас айлууд усанд автахын зовлонд автаж эхэлсэн аж. Хамгийн гол нь ус алдсан эвдрэл гэмтэл нь олддоггүйгээс зарим тохиолдолд айлуудын хана, шалыг хуулж, ховхлох тохиолдол байнга гардаг.
Тус барилгыг одоогоос 10 жилийн тэртээ БНХАУ-ын Тянь Жин хотод үйл ажиллагаа явуулдаг "Да Ган" корпорацийн хөрөнгөөр 27.1 сая юанийг буцаан төлөх нөхцөлтэйгээр тус улсын иргэн Ли Шан Бо “Шүнди” компанийг Улаанбаатар хотод байгуулсан аж. Улмаар компанийн үйл ажиллагаа өргөжин тэлж дээрх 66 айлын орон сууцыг 2007 онд “Зун Чен” гэх хятад компанид захиалга өгч бариулсан.
Барилга баригдах үед тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ван Сан Тун гэгч хятад эр 2009 оны есдүгээр сард 31 айлаас гэрээний дагуу нийт 2.088.065 мянган ам.долларын урьдчилгаа авсан аж. Эл мөнгөнөөс 670.000 мянган ам.долларыг хөрөнгө оруулалтыг буцаан төлөх дээрх гэрээний дагуу “Да-Ган” компани руу гуйвуулснаас хойш ямар ч төлбөр төлөөгүй нь шат шатны шүүхийн хаалгыг хэдэнтээ татахад хүргэсэн байна. “Да-Ган” компани нь “Шүнди” компанийг гэрээгээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэл гаргаснаар 2011 оны зургадугаар сард шүүх хурал болсон байна.
Анхан шатны шүүхээс “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 287.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч “Шүнди” компаниас 4.669.186.136 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Да-Ган” компанид олгож, нэхэмжлэлээс 64.840.459 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн шийдвэрийг гаргаж, дараагийн хоёр шатны шүүхээс эл шийдвэрийг баталгаажуулжээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас тус барилгыг дуудлага худалдаанд оруулах асуудлыг хөндөх болж, орон сууц болон автомашины зогсоол, төгрөг болон ам.долларын дансуудын зарлагуудын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж эхэлсэн. Манай улсад үйл ажиллагаа явуулж байсан Хятадын хоёр компани хоорондын асуудал, гүйцэтгэгч компанийн гүйцэтгэх захирал Ван Сан Туны балгаар тус байрны оршин суугчид эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй эд хөрөнгөө ч алдаж болзошгүй нөхцөл байдалд ороод байна.
Тус барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер асан Ө.Сүхбаатар ажиллаж байсан. Тэрбээр чанарын шаардлага хангаагүй орон сууцыг хүлээн авч, захирал Ван Син Тунаас 94 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө байр авсан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар ч тогтоогдсон. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 268.2-т зааснаар таван жил гурван сар жирийн дэглэмтэй хорих ял оноосон. Харин бусдад авлига өгсөн, олон хүнийг эрх ашгаар хохироосон, их хэмжээний мөнгө завшсан хятад захирал Ван Сан Тун эрх чөлөөтэй явна.
Өнгөрөгч оны аравдугаар сарын 22-нд нийслэлийн Баянгол дүүргийн шүүхээс тус байрны чанар муу, иж бүрэн засвар хийхэд 300 гаруй сая төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг “Зун Чен” компани, түүний удирдлага хариуцах ёстой хэмээн шийдвэрлэсэн. Гэвч “Зун Чен” компани гэрчилгээн дээрх хаяг дээрээ байдаггүй, үйл ажиллагаа явуулж байсан барилгыг нь нурааж буулгасан байсан гэдгийг тогтоосон.
Мөн иргэдийг хохироосон гэх Ван Сан Тун нь шүүхийн байгууллагаар шалгагдаж байх үед өөрийн итгэмжит төлөөлөгчөөр Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, дэд хурандаа, онц сэргийлэгч Батдэлэгийн Болд-Очир гэгчийг сонгосон байна. Харамсалтай уг төлөөлөгч нь өнөөдрийг хүртэл иргэдэд ямар нэгэн мэдээлэл өгөлгүй өнөөдрийг хүрлээ.
Иргэд тухайн үед ажилласан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргахад чанаргүй орон сууцны барилгын зөрчил доголдлыг хаацайлан өнгөрснийгөө Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах гэсэн заалтын дагуу угсралтын буруугаас үүссэн зөрчлийг барилга угсралтын гүйцэтгэгч байгууллага хариуцна” гэдгээр тайлбарласан байна. Тиймээс хятад компаниудын хоорондын харилцаа, чанаргүй баригдсан барилгаас үүдэн эдийн засгийн болон эрүүл мэндээр хохироод байгаа иргэд ШӨХТГ-т хандсан бөгөөд тус газраас уг байртай холбоотой гомдлыг шалгахаар болсон аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ