
УМБГ, ТЕГ-ын ажилтнууд Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурлын үеэр гадаадын 1000 гаруй зочин төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Энэ ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдөр олон улсын хэмжээнд хүн амь нас санаатай хөнөөх, терроризмтой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсаас гаралтай гурван иргэнийг УМБГ, ТЕГ-ын ажилтнууд илрүүлэн баривчилжээ.
Тодруулбал, Пакистан гаралтай иргэн Рамзан Хафиз Мухаммад /1974 онд төрсөн/, Пакистан улсын Исламабад хотын Интерполын үндэсний төв товчооноос эрэн сурвалжилж буй Мухаммад Бахш овогтой Мухаммад Рамзан /1969 онд төрсөн/, АНУ-ын Вашингтон хотын Интерполын төв товчооноос хүндрүүлсэн хулгайн хэрэгт эрэн сурвалжилж байсан иргэн Мухаммад Рамзан овогтой Хаяат Хизар /1983 онд төрсөн/ нарыг Улаанбаатар хотоос баривчлан, шалгаж байгаа аж.
Тэд Монгол Улсын хилээр бизнес, жуулчны визээр орж ирсэн ба удгээр гурван иргэний хоёр нь хүнийг санаатай алах, терроризмтой холбоотой хэрэгт сэжиглэгдэн олон улсад эрэн сурвалжлагдаж байсан гэнэ. Хаяат Хизарын хувьд АНУ-ын Нью Йорк хотын Саффолк мужийн шүүхээс 1, 2 дугаар зэргийн хулгайн хэргээр ял шийтгүүлж байжээ.
Дээрх гурван иргэний тухайд ямар зорилгоор Монгол Улсад орж ирсэн нь тодорхойгүй ч ноцтой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан тэднийг илрүүлэн шалгаж эхэлсэн бөгөөд олон улсын Олон улсын интерпол, Терроризмтой тэмцэх төв зэрэг байгууллагатай мэдээлэл солилцож хамтран ажиллаж байгаа гэнэ.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас 11.00 цагт хэвлэлийн хурал зарлаад байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ