Дэлхийн залуучуудын ассамблийн чуулган Монголд болж магадгүй
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн чуулга уулзалтад оролцож байгаа Дэлхийн залуучуудын ассамблийн ерөнхий нарийн бичгийн дарга Идолиа Пашолари өчигдөр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатын урилгаар МЗХ-нд айлчилж, үйл ажиллагаатай нь танилцжээ. Тэрбээр МЗХ-ны түүхэн замнал, өнгөрсөн онд болоод одоо хийж буй ажлуудтай танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Идолиа Пашоларигийн зүгээс ирэх сард Малайз улсад цагаачлалын асуудлаар болох залуучуудын чуулга уулзалтад манай орны залуучуудаас төлөөлөл оролцуулах, 2013 онд Дэлхийн залуучуудын ассамблей Монгол улстай хамтран залуучуудын томоохон чуулганыг зохион байгуулах талаар санал бодлоо хэлсэн байна. Манай улсад зохион байгуулах энэхүү чуулганыг хэдий үед, ямар асуудлаар хийх талаар эргэн санал солилцож шийдэх гэнэ.
Дашрамд дурьдахад, Дэлхийн залуучуудын ассамблей нь Малайз улсад төвтэй, 100 гаруй улс орнуудыг нэгтгэсэн, залуучуудад тулгамдаж буй асуудлаар үйл ажиллагаа явуулдаг дэлхийн залуучуудын төв байгууллага юм. Манай улс 1994 оны дөрөвдүгээр сард албан ёсоор гишүүн орноор элсэн оржээ.
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ