Гол сэдвээрээ авлигыг хөндсөн ардчиллын чуулган
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжилж дуусав. Хуралдаанд 104 орны 1300 төлөөлөгч хүрэлцэн ирж таван бүлэг сэдвээр чуулсан юм.
Сайд нарын энэ удаагийн чуулганд Нобелийн шагналт хатагтай Тавакул Карман, Ерөнхий сайд хатагтай Ийнлак Чинават, Нобелийн энхтайвны шагналт хатагтай Аунг Сан Су Чи, Европын комиссын дэд ерөнхийлөгч Катрин Аштон нарын улс төр, нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүд хүрэлцэн ирсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байв. Учир нь хамгийн нөлөө бүхий төлөөлөгчид нь эмэгтэйчүүд, тэр дундаа ази, африкийнхан байсан нь сонирхол татсан. Тиймдээ ч чуулганы хэлэлцүүлгийн үед ардчиллын төлөө дуугарсан ази, африкийн эмэгтэйчүүдийн дуу хоолой хүчтэй,олон нийтэд хүрч байгаа нь ажиглагдсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурлыг нээж хэлэхдээ “Ардчилал бол очих газар биш. Явах зам. Ардчиллын хамгийн том дайсан бол авлига,муу засаглал” гэдгийг онцлоод монголчууд эрх чөлөөний талаар бусдад сургах биш, сургамж хуваалцаж болно гэдгийг онцолсон юм. Бага хурлын үеэр таван салбар чуулга уулзалт, есөн сэдэвчилсэн бүгд хуралдаан, бүс нутгийн нэг, Сайд нарын албан ёсны хурлыг оролцуулаад 18 хуралдаан болж,100 гаруй зочин,төлөөлөгчид үг хэлж, саналаа бодлоо хуваалцснаар “Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичгийг батлан гаргалаа.
Төр, иргэний нийгмийн хамтарсан салбар хуралдааны гол сэдэв нь “Авлига ба ардчилалд учирч буй бусад аюул” сэдвийн дор болсон.Ардчиллын чөдөр тушаа болж буй авлигыг тэжээж буй гол судсыг таслаж, акулуудын амьдрах үүрийг устган үндсээр нь үгүй хийхэд хэрхэх талаар иргэний нийгмийн байгууллагууд, залуус, эмэгтэйчүүд, бизнесийн парламентчдын чуулга уулзалтад оролцсон бүх төлөөлөгч санал бодлоо өргөн хүрээнд солилцсон юм. Ардчиллын төлөөх парламентчдын форумын Ерөнхийлөгч Эмануэлис Зингерис хуралдааны үеэр хэлэхдээ, Монгол Улсын ардчилан өсөн бойжиж, насанд хүрчээ. Бид ардчиллын үр шимийг хүртэхийн тулд хяналтаа тавьж, мөн ил тод байдлаа хэрхэвч мартаж болохгүй. Ил тод байдлыг хөгжүүлэх гэдгээр авлигатай тэмцэх гэсэн гол санаа илэрхийлэгдэж байна.
Дэлхийн дахины мэдээллийн хэрэгслүүд энэ асуудалд анхаарлаа хандуулж байна. Ард иргэд ч бидний сонгосон парламентын гишүүд авлигаас ангид байхыг биеэр үзүүлээд зогсохгүй, үүнтэй тэмцэхэд хэрхэн гар бие оролцож байгааг харж хүлээдэг. Асар хурдтай хөгжиж байгаа цахим сүлжээнд улстөрчид оффшор дансанд хадгаламж нээж алдаа гаргаж байгааг халж байна. Далд зүйл гэж алга болжээ” хэлсэн. Ийн энэ удаагийн чуулга уулзалтыг гол зангидсан сэдэв нь авлига байсан бөгөөд ардчилалтай зэрэгцүүлэн хөндсөн нь ач холбогдолтой байсныг төлөөлөгчид онцолж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар хүрэлцэн ирсэн Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч, Энхтайвны нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи Сайд нарын бага хурлын хүндэт зочдын нэг байсан юм. Монголчууд сэтгэл догдлон түүнийг хүлээж байсан гэж хэлж болно. “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хор хөнөөлтэй” гэдгийг нэгэнтээ онцолж байсан хатагтайд АОХН Геремекийн нэрэмжит шагналаа гардуулсан нь онцлох үйл явдал байв.
Хатагтай Ан Сан Су Чи хүний эрхийн төлөө амьдралынхаа ихэнх жилийг зориулж, бүс нутаг болоод дэлхий дахинд ардчиллын үнэт зүйлийг мэдрүүлэхэд үнэтэй гавьяа байгуулсан хэмээн уг шагналыг гардуулсан юм.Түүнчлэн Хатагтай Ан Сан Су Чи Монгол Улс, Мьянмар улс хоёр дипломат харилцаа тогтоож, найрсаг харилцаатай болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа ч сэтгүүлчдэд дуулгасан. Энэ тухайгаа “Тийм боломж тавигдсан. Бид үнэт зүйл нэгтэй ардчилсан замналаар замнаж байгаа. Мөн нэг бүсэд оршдог. Дэлхийн эдийн засгийн хувьд Монгол, Мьянмар улс нь дэлхийн хоёр том алтны уурхай гэж яригддаг. Тэр утгаараа хуваалцах ч юм бий. Нэг нэгнээсээ суралцах хамтрах давших боломжууд ч бий” гэж өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ онцолсон.
Сайд нарын чуулга уулзалтын хүндэт зочдын нэг Ан Сан Су Чи хатагтай Монголын иргэний нийгмийн төлөөллүүдтэй ч уулзсан. Түүнчлэн Ерөнхийлөгчтэй хамтран ардчилал сэдвээр лекц уншсан нь олон хүний талархлын хүлээсэн гэж хэлж болно.
Мөн Сайд нарын долдугаар бага хурлын үеэр “Монгол улсыг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, тэгш эрхийн тогтолцоо аль эрт хөлд оржээ” гэж магтах төлөөлөгчид олон байсан нь бодит байдалтай нийцэж байна уу гэх шүүмжлэл ч гарч байв.Ардчилсан улс орнуудын жагсаалтад нэлээд дээгүүр бичигдсэн хэмээн төлөөлөгчдөөс харамгүй магтаал сонссон манай улсад харамсалтай нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө хэр хумигдсаныг нээлттэй чуулганы хаалттай хаалганаас харж болохоор байлаа.
Учир нь гурван өдөр үргэлжилсэн олон улсын хэмжээний уг хурал сэтгүүлчдэд ямар ч боломж олгоогүй. Хуралдаанаас шуурхай мэдээлэл бэлтгэхээр ирсэн гадаад дотоодын олон зуун сэтгүүлч хаалттай бүсэд хоригдож байгаа дүр зураг ардчиллын төлөөх чуулга уулзалтын талаар хасах оноог авчирлаа гэж харах хүн ч байна. Гэхдээ долоо дахь удаагаа чуулсан АОХН-ийн бага хуралдаанаар авлигыг гол сэдвээ болгон нэлээд хүчтэй хөндсөн нь олон зүйлийн чухал ач холбогдолтой гэж судлаачид дүгнэж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ